ОХУ-ын агаарын тээврийн компани вакцин тариулсан иргэдэд урамшуулал өгнө
2021-05-14

ОХУ-ын агаарын тээврийн "Аэрофлот" компани коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг дэмжих зорилгоор урамшууллын хөтөлбөр зохион байгуулахаар болжээ. 

 

Энэ арга хэмжээний хүрээнд, тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан эхний 10 мянган зорчигчид 10 мянган бонус миль тооцохоор болсон байна. Урамшууллын хөтөлбөрт оролцогчид "Аэрофлот бонус" хөтөлбөрт урьдчилан бүртгүүлэх ёстой гэнэ. 

 

Улмаар, онгоцны буудал дээр бүртгэл хийлгэх үедээ QR код бүхий, вакцинжуулалтын цахим гэрчилгээгээ үзүүлэх ёстой юм байна. Ийнхүү бүртгүүлсэн зорчигчид агаарын тээврээр үйлчлүүлсний дараа милийг автоматаар тооцох аж. Урамшууллын хөтөлбөр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эсвэл эхний 10 мянган зорчигч урамшууллаа авч дуусах хүртэл үйлчлэх юм байна.

 

Энд дуулгахад, урамшууллын миль гэдэг нь агаарын тээврийн компаниуд зорчигчдоо урамшуулдаг бонус юм. Аливаа агаарын тээврийн компаниар үйлчлүүлэхдээ бонус хөтөлбөрт оролцон, туулсан замаас хамаарсан миль цуглуулан хуримтлуулсанаар урамшууллын тийз авах, илүү ачааны мөнгө суутгуулах, суудлын зэрэглэл ахиулах зэрэг урамшууллуудыг олгодог юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин