БНХАУ: Сансрын станц Ангараг дээр газардаж, Ши Жинпин баяр хүргэв

Өнөөдөр Хятадын "Тяньвэнь-1" аппарат Ангараг гараг дээр амжилттай газардлаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жинпин Хятадын агаар сансрын салбарын төлөөлөгчдөд баяр хүргэсэн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
"Коммунист намын 100 жилийн ойгоор "Тяньвэнь-1" Ангараг дээр амжилттай газардлаа. Хятадын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөл, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн өмнөөс та бүхэнд халуун баяр хүргэе" хэмээн Ши Жинпиний цахилгаан утсанд өгүүлсэн байна.
Сансрын аппарат Ангараг гараг дээр амжилттай газардсан нь БНХАУ-ын гараг хоорондын судалгаанд шинэ үе ирж байгааг илтгэж байна хэмээн Хятадын дарга онцолжээ.
"Хятад улс анх удаа Ангараг дээр мөрөө үлдээсэн нь үндэсний агаар сансрын хөтөлбөрийн хөгжилд шинэ чухал, үнэ цэнтэй үе шат болж байна. Та бүхэн сорилтуудыг зоригтой давж, манай улсыг сансар судлалын салбар дахь дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд орууллаа. Эх орон, ард түмэн та бүхний гавьяаг үүрд дурсана " гэж Ши Жинпин цохон тэмдэглэжээ.
Гараг хоорондын "Тяньвэнь-1" автомат станц бямба гарагт Ангараг гарагийн гадаргуу дээр амжилттай газардсан нь энэ гарагийн гадаргуу дээр Хятадын сансрын аппарат газардсан анхны тохиолдол болж байгаа юм. Энэ станцын бүрэлдэхүүнд багтах "Жужун" ангараг гараг дээр явагч нь ойрын үед хөрс, ион мандал, гарагийн цаг агаарыг судлана.
"Тяньвэнь-1" станцыг 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хөөргөсөн бөгөөд энэ оны хоёрдугаар сард Ангараг гарагийн тойрог замд хүрсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ