ОХУ сансарт уран сайхны кино бүтээнэ
2021-05-15

ОХУ олон улсын сансрын станц дээр уран сайхны кино бүтээх төлөвлөгөөгөө үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Регнум агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 13-ны өдөр сансарт хийх киноны жүжигчдийг сонгон шалгаруулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны 10 дугаар сард сансрын нисэгчидтэй хамт жүжигчин Юлия Пересильд олон улсын сансрын станц руу нисэх юм байна. Тэд станц дээр 12 өдөр байж, уран сайхны киноны зураг авах гэнэ.

 

Оросын сансрын агентлаг болох Роскосмосын мэдээлснээр, "Сорилт" кинонд оролцох хүмүүсийг сонгон шалгаруулах ажлыг тавдугаар сарын 13-ны өдөр дуусгажээ. Эмнэлгийн үзлэг болон ур чадварын шалгаруулалтын дүнгээр үндсэн экипажад жүжигчин Юлия Пересильд болон найруулагч Клим Шипенко нарыг багтаахаар шийдвэрлэсэн байна.

 

"Сорилт" кино нь Роскосмос болон Нэгдүгээр сувгийн хамтарсан төсөл бөгөөд пуужин сансрын салбарын байгууллага, мэргэжилтнүүдийн тухай цуврал баримтат кино бүтээх шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх төслийн нэг хэсэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин