Турк хатуу хөл хориогоо цуцална
2021-05-17

Коронавирусийн халдварын тоо нэмэгдсэний улмаас Турк улсад авч хэрэгжүүлсэн хатуу хөл хорио тавдугаар сарын 17-ны даваа гарагаас дуусаж байна. Эрх баригчид хязгаарлалтуудыг аажмаар цуцална хэмээн мэдэгдсэн талаар РГ агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хязгаарлалтуудыг шат дараатайгаар суллаж байгаа тул өдөр бүр 21:00-05.00 цагийн хооронд, амралтын өдрүүдээр бүтэн өдөр хөл хорих цаг хэвээр үйлчлэх гэнэ. Хөл хорих цаг эхлээгүй үед хот хооронд зорчих боломжтой. Халдвар авах эрсдэл өндөр тул 65-аас дээш болон 18-аас доош насныхныг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хориглож байгаа аж. Мөн нийтийн хоолны үйлчилгээний газрууд одоогоор зөвхөн хүргэлт, авч явах захиалгаар л ажиллах юм байна. 

 

Энд дуулгахад, Турк улсад дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн шуурхай албадаас бусад бүх байгууллага хаагдсан юм. Энэ хугацаанд хот хооронд зорчихын тулд зохих байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай, иргэдийг гагцхүү гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, эмийн сан орох зорилгоор л гэрээсээ гарахыг зөвшөөрч байлаа.

 

Туркийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт тус улсад 10 512 тохиолдол шинээр илэрсэн байна. Турк улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн их тохиолдол дөрөвдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдэж байсан бөгөөд энэ өдөр 63 082 шинэ тохиолдол илэрч байлаа. Өнөөдрийн байдлаар, 82 сая хүн амтай энэ улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 5,12 саяд хүрчээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин