Исландад галт уулыг дуудлагаар худалдана
2021-05-17

Исландын Фаградальсфьядль сэрсэн галт уул байрлах газрыг эзэмшдэг гэр бүл газраа дуудлага худалдаанд тавьсан талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Газар эзэмшдэг гэр бүл галт уулын энэ бүсийг зогсоол, үйлчилгээний төвтэй аялал жуулчлалын хэсэг болно гэж тооцоолж байгаа бөгөөд аяллын компаниуд галт уулын хэсэг рүү аялал зохион байгуулах, нисдэг тэргээр нисэх эрхтэй болно гэж тооцоолж байгаа аж.

 

Галт уул Храун фермерийн аж ахуйн нутаг дэвсгэр дээр байрладаг, энэ газрыг нэг гэр бүл олон жилийн туршид эзэмшиж байгаа аж. "Зохистой үнээр газрыг худалдана. Бид хэдийнэ хоёр санал хүлээн авсан. Энд хүмүүс үзэж харах сайхан зүйл босгоосой гэж би хүсэж байна" хэмээн газар эзэмшигч Анна Тордис ярьжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Исландын эрх баригчид энэ газрыг худалдаж авахгүй, харин энэ газарт дэд бүтэц бий болгохын тулд 70 сая крон зарцуулахаар төлөвлөжээ. Газрын шинэ эзэмшигчид нь хүссэн хүн бүрийг нэвтрүүлэх боломжийг олгох ёстой гэж Исландын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Фаградальсфьядль галт уул 6000 жил унтаж байгаад гуравдугаар сарын 19-ний өдөр сэрсэн юм. Үүний дараа дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид галт уулын лавыг үзэж сонирхохоор Рейкьянес хойгийг олноор зорих болсон. Дөрөвдүгээр сард галт ууланд шинэ ан цав үүссэн байгааг илрүүлж, жуулчдыг нүүлгэн шилжүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин