Парист дэлхийн хамгийн том "Опера" бялууг танилцуулжээ
2021-05-17

Францын нарийн боовчид дэлхийн хамгийн том "Опера" бялуу хийсэн талаар Le Parisien мэдээлжээ. 

 

Кофе болон шоколадны кремтэй энэхүү Францын алдартай десертийг хийхэд 100 кг гурил, 1000 гаруй өндөг, 36 кг шоколад орсон байна. бялууг бүтээхэд олон арван нарийн боовчин гурван өдрийн туршид ажилласан гэнэ. 

 

Улмаар, 30,73 метр урттай "Опера" бялууг  Парисын дуурийн театр байрладаг Гарнье ордны шатны орчимд байрлуулсан ширээн дээр тавьж, хүмүүст танилцуулжээ. Коронавирусийн халдварын тархалтын улмаас Францад төрөл бүрийн үзэсгэлэн, наадмыг хориглосон хэвээр байгаа тул бялуу амтлах арга хэмжээнд оролцох хүмүүсийг урьдчилан бүртгэсэн байна. Энэ үеэр нийт 3000 зүсэм бялууг зочдод тараажээ.

 

Парист энэ бялууг танилцуулах арга хэмжээнд Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчдийг ч урьсан байна. Одоогоор Гиннесийн төлөөлөгчид ямар нэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд харин бялуу танилцуулах арга хэмжээний зохион байгуулагчид "Опера" дэлхийн хамгийн том бялуу гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин