Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна
2021-05-17

 

Хүүхэд тоглоход эрсдэлтэй, аюулгүй байдал нь алдагдаж, эвдэрч гэмтсэн тоглоомын талбай, тоглоомын тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах, эзэнжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн.

 

Тэгвэл үүний хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Ажлын хэсэг гарч, хүүхдийн тоглоомын талбайг тоолсон. Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байна. Үүнээс стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байгаагаас аюултай, нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна. Тоглоомын талбайг засах ажлыг эхлүүлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Сүхбаатар дүүрэг гэхэд нөөц боломжоо ашиглан 53, Хан-Уул дүүрэг таван тоглоомын талбайг зассан бол Сонгинохайрхан дүүрэг 10 сая төгрөгийг нөөцөөсөө гаргаж 31, Чингэлтэй дүүрэг найман тоглоомын талбайг засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. Алсын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” гэв.

 

Сонгинохайрхан дүүрэгт  тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур бүгд хагарсан учраас засах боломжгүй, солих шаардлагатай, хүүхэд бэртсэн тохиолдол ч гарсан. Цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлжээ. Иймд хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилт 80 орчим хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай  байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай. 60 орчим сая төгрөг төсөвлөж, засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хотын дарга өгсөн үүрэг, даалгаврыг дор бүрнээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн Энхтайваны гүүрний засварын ажлыг гүйцэд, шуурхай хийж дуусгахыг үүрэг болголоо. Хяналтыг сайн тавьж, шаардлагад нийцсэний дараа Улсын комисс хүлээж авахыг сануулсан юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Тоглоомын талбай тамхи архичид, шар айрагтангуудын тухлах газар болсон, эргүүл цагдаа юу хийж байнө?
2021-05-18