Хугацаа хэтэрсэн 1.3 их наяд төгрөгийн зээл байна
2021-05-17

 

Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. 

 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (31.4 %) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 0.7 (19.9%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.1 (38.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бага мөнгө (M1) 2021 оны 4 дүгээр сарын эцэст 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 800.8 (18.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (49.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)- ний 4.3 (83.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.8 (16.2%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2021 оны 4 дүгээр сарын эцэст 21.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 652.2 (3.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (27.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 14.7 (68.5%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.5 (21.0%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.3 (10.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны 4 дүгээр сарын эцэст 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 78.2 (7.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 225.7 (26.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Төгрөгийн хадгаламж 2021 оны 4 дүгээр сарын эцэст 14.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 524.1 (3.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.1 (38.6%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 88.6 хувь (13.0 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 11.4 хувь (1.7 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 122.3 (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 747.0 (19.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 17.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.0 (0.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 485.8 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 (50.6%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

 

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 42.9 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 383.7 (2.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.5 (0.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21.0 (1.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны 4 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.4 (1.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123.1 (6.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өссөн байна. 

Shuud.mn
Сонин хачин