Путин, Байден нар Швейцарт уулзаж магадгүй
2021-05-18

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Швейцарт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж магадгүй талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Коммерсантъ мэдээлжээ. Одоогоор Владимир Путин, Жо Байден нарын уулзалтын талаарх эцсийн шийдвэр гараагүй, ОХУ-ын тал АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийх албан ёсны зөвшөөрөл өгөөгүй гэдгийг эх сурвалж онцолсон байна. 

 

"Нэг талаас, дээд хэмжээний уулзалт нь хоёр орны харилцааны хурцадмал байдлыг намжаах нөлөөтэй, нөгөө талаас Вашингтон энэ уулзалтыг олны өмнө зааварчилж сургамжилсан байдлаар ашиглахыг үгүйсгэхгүй" гэж шинжээч өгүүлсэн байна.

 

Энэхүү дээд хэмжээний уулзалт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен нарын уулзалтаас ихээхэн шалтгаалах юм. Энэ уулзалт Арктикийн зөвлөлийн Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хүрээнд энэ долоо хоногт Рейкьявикт болно.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хоёр орны тэргүүн утсаар ярилцаж, энэ үеэр Украины асуудал болон ОХУ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Америкийн төрийн байгууллагууд руу цахим халдлага хийсэн зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан байна. Түүнчлэн асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхийн тулд ойрын саруудад уулзах саналыг Байден Путинд тавьж байв. Дээд хэмжээний уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулахыг Жо Байден санал болгож байсан юм.  

 

"Ерөнхийлөгч Байден АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн Оростой тогтвортой харилцаа үүсгэх зорилгоо батлаад, АНУ, Оросын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэхийн тулд ойрын саруудад гуравдагч орны нутаг дэвсгэр дээр дээд хэмжээний уулзалт зохион айгуулахыг санал болгосон" хэмээн Цагаан ордны мэдэгдэлд онцолсон байна. 

 

Ийнхүү АНУ, Оросын Ерөнхийлөгчид утсаар ярьсан нь Байден телевизийн ярилцлагын үеэр Путинийг "алуурчин" гэж нэрлэснээс хойших анхны яриа болж байлаа. Үүний дараа Путин Байденыг шууд эфирээр мэтгэлцэхийг урихад Цагаан ордны тэргүүн татгалзаж байлаа. Харин Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй өөрт нь тааламжтай хэдийд ч ярилцахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин