COVID-19: Пфайзер, Модерна вакцинууд Энэтхэгийн мутацид үр дүнтэй
2021-05-18

2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод анхлан илэрсэн коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрээд жил гаруй хугацаа өнгөрч, дэлхий даяар 164 сая хүн халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 3,4 саяыг даваад байна. COVID-19-тэй холбоотойгоор өнгөрсөн хоногт олон улсад гарсан үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Нислэг сэргэв 

Коронавирусээс сэргийлэх вакцины ачаар дэлхий олон оронд хязгаарлалтуудыг аажмаар цуцалж, зорчих хөдөлгөөн эрчимжиж эхэлж байна. ВВС агентлагийн мэдээлснээр АНУ-д нисэх буудлуудын  зорчигчийн урсгалын хэмжээ нэмэгдэж, анх удаа 2020 оны гуравдугаар сарын үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, тавдугаар сарын 16-ны өдөр Америкийн нисэх буудлууд дээрх зорчигчдын тоо 1,85 саяд хүрсэн талаар АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа мэдээлсэн байна. Түүнчлэн энэ үзүүлэлт нь 2019 оны тавдугаар сарын ням гарагт бүртгэгдэж байсан төвшний 70 хувьд хүрсэн гэнэ. 

 

Пфайзер, Модерна вакцинууд Энэтхэгийн мутацид үр дүнтэй 

 

BioNTech/Pfizer болон Moderna вакцинууд Энэтхэгт илэрсэн В.1.617 , В.1.618 гэсэн коронавирусийн мутациудын эсрэг үйлчлэх үр дүнтэй гэнэ.

Эдгээр вакциныг тарьсны дараа үүсэх эсрэг биетүүд нь үл ялиг сул байгаа ч энэ нь ковидоос хамгаалах тарилгын үйлчилгээнд нөлөөлөхүйц хэмжээнийх биш гэж Нью-Йоркийн анагаах ухааны сургуулийн судалгаанд өгүүлжээ. 

 

Тус сургуулийн эрдэмтэд вакцин тариулсан хүмүүсээс цусны дээж аван хиймэл аргаар гарган авсан вирусийн хэсгүүдийн нөлөөнд оруулснаар ийм дүгнэлтэд хүрсэн байна.

 

Польш 16 настнуудаа вакцинжуулж эхэллээ

Польш улсад 16-17 насныхныг коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж эхэлжээ. Гэсэн ч энэ насныхны дунд дархлаажуулалтад төдийлөн идэвхтэй хандахгүй байгааг Засгийн газрын вакцинжуулалтын асуудал хариуцсан төлөөлөгч мэдэгджээ. Тиймээс өсвөр насныхныг дархлаажуулалтад уриалах ажилд алдартай тамирчид, жүжигчдийг татан оролцуулж байгаа гэнэ. Энэ улс 38 сая хүн амтай бөгөөд өнөөдрийн байдлаар 4,57 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. 

 

АНУ вакцин экспортолно

АНУ зургадугаар сарын сүүл гэхэд бусад орнууд руу өмнө нь амалсан 60 сая тун дээр нэмж 20 сая тун вакцин нийлүүлэхээр болжээ. Ингэснээр тус улс бусад орнуудаас харьцангуй их хэмжээний вакцин экспортлох юм. 

"Дэлхий даяар цар тахлыг хяналтдаа авч чадахгүй бол Америк бүрэн аюулгүй байдалд байж чадахгүй гэдгийг бид мэдэж байгаа" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгджээ.

 

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Америкийн энэхүү шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхий даяар халдварын тархалт буурсаар байна.
2021-05-18