Испани цагаачдын хэт их урсгалаас болж армиа дайчлав
2021-05-18

Испанийн засгийн газар Африкийн баруун эрэгт байрлах Сеута хотын нутаг дэвсгэр дээр хууль бус цагаачдын урсгал хэт их нэмэгдсэний улмаас армиа дайчлахаар болсон талаар Европа пресс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэг хоногийн дотор Мароккогоос Сеута хот руу 5000 гаруй хүн нэвтэрснээс 1,5 мянга нь хүүхдүүд байгаа гэнэ. Нэг өдрийн туршид ирсэн хууль бус цагаачдын тоо өмнө нь Испанид бүртгэгдэж байсан үзүүлэлтээс хамгийн өндөрт тооцогдож байна. Улмаар Испанийн засгийн газар үүссэн нөхцөл байдалд Сеута хотод туслахын тулд армиа дайчлах шийдвэр гаргажээ. 

 

Түүнчлэн хууль бус цагаачид олноор ирж буй бүсэд иргэний гвард болон цагдаагийн хүчийг чангатгасан байна. Ойрын өдрүүдэд Мароккогоос Сеута руу ирэх цагаачдын тоо өдөрт 9000-д хүрч болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

 

Испанийн эрх баригчид хууль бусаар нэвтэрсэн 1,5 мянган цагаачийг буцаасан бөгөөд энэ ажлыг үргэлжлүүлж байгаа ч нөхцөл байдлыг бүрэн зохицуулж чадахгүй байгаа талаар Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка мэдэгджээ. 

 

Сеута хот нь Испанийн автономт хотын статустай байдаг. Газарзүйн байршлынх нь улмаас энэ хотын гол асуудал нь хууль бус цагаачдын урсгал болдог юм. Африкаас ирэх дүрвэгчдийн урсгалыг хянах зорилгоор Мароккотой залгаа хилийн дагуу өргөст тортой зургаан метр өндөртэй хашаа байрлуулсан ч цагаачид энэ саадыг даван нэвтэрсээр байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цахилгаанд холбосон өргөст тор хийчихсэн бол хэн ч нэвтрэхгүй.
2021-05-19