Гадаадаас ирэх иргэд вакцинд хамрагдсан байх шаардлагагүй
2021-05-19

 

Цаг үеийн асуудлаар Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

 

 Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Дэлхийн улс орнууд гадаад хилээрээ нэвтрүүлж байгаа гадаадын иргэдэд янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэхдээ хоёр тун хийлгэсэн гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй байна. Иргэдийн дунд ийм ташаа ойлголт байна. Улс орнууд иргэддээ вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн гэсэн гэрчилгээг олгож эхэлсэн. Манай улс ч гэсэн бусад улс орны адил энэ гэрчилгээг олгоход бэлэн болсон. Хамгийн гол нь уг гэрчилгээ нь гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлсэн тохиолдолд тусгаарлахгүй байх яриа хэлэлцээрийг ГХЯ-наас хийж байна. E-Mongolia системээс иргэд  гэрчилгээгээ авч болж байгаа. Хэрэв гадаадад зорчих хүсэлтэй иргэд байвал тухайн улсын визийг эхний ээлжинд авах ёстой. 

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 117 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан байна. Тиймээс вакцины гэрчилгээтэй бол шууд явна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ гадаад руу явж байгаа иргэд заавал гэрчилгээ ав гэсэн үг биш. Зорчих гэж буй улс вакцин хийлгэсэн нотлох баримт шаардвал манай улсаас монгол болон гадаад хэл дээр энэ төрлийн гэрчилгээг бүрэн олгох боломжтой болсон. Тухайн хүн маань явах гэж байгаа улсаа сайн судлах шаардлагатай.

 

УОК-ын шийдвэрээр Монгол Улсад гадаадаас ирж байгаа бүх хүн вакцинд хамрагдаагүй, эсвэл эхний тунгаа хийлгээд хоёрдугаар тунгаа хийлгээгүй, хоёр тун хийлгэсэн боловч олон улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 14 хоног дуусаагүй бол тусгаарлах байранд  долоо хоног тусгаарлана. Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол тусгаарлагдахгүй. Монгол хүн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Вакцинд хамрагдаагүй бол ирж болно. Нээлттэй. Гэхдээ долоо хоног тусгаарлагдана. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин