Хятад сансрын станцын гол модулиа тойрог замд туршиж дууслаа

img

Хятадын мэргэжилтнүүд "Тяньхэ" сансрын станцынхаа гол модулийг тойрог замд турших ажлыг алсын зайнаас гүйцэтгэж дууссан талаар БНХАУ-ын Жолоодлоготой сансрын нислэгийн удирдах газар мэдээлжээ. 

 

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, сансрын аппарат залгагдах явц, сансрын нисэгчдийн амьдрах нөхцөл зэрэгтэй холбоотой үйл ажиллагаануудыг туршилтын үеэр шалгасан байна. "Түүнчлэн гар удирдлагын ажиллагааг шалгаж дууссан" гэж Жолоодлоготой сансрын нислэгийн удирдах газар мэдээлжээ. Мөн тоног төхөөрөмж хэвийн ажиллаж, модуль "Тяньжоу-2" ачааны сансрын хөлгийг хүлээн авахад бэлэн хэмээн онцолсон байна.

 

Эргэн сануулахад, Хятад улс дөрөвдүгээр сарын сүүлээр "Чанжэн-5" хүнд пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар сансрын станцынхаа гол модулийг хөөргөсөн юм. Ингэснээр энэ долоо хоногт тойрог замд илгээх ачааны хөлөг станцтай залгагдах үе шат эхэлсэн байна. 

 

"Тяньхэ" сансрын станцын нийт урт нь 16,6 метр, диаметр нь 4,2 метр бол нислэгийн жин 22,5 тонн юм. Энэ нь Хятадын зохион бүтээсэн хамгийн том аппарат бөгөөд 10 жил сансарт байх энэ станц дээр гурван сансрын нисэгч байхаар тооцоолжээ. Станцыг 2022 онд ажилуулж эхлэхээр тооцоолсон, мөн олон улсын төслүүдийг ч хүлээн авах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ