Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2021-05-19

Тайванийн цутгалангаар Америкийн USS Wilbur хөлөг онгоц явж өнгөрсөтэй холбоотойгоор Хятад эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар тавдугаар сарын 19-ний өдөр Хятадын Ардын чөлөөлөх армийн  төлөөлөгч, ахлах хурандаа Жан Чуньхуэй мэдэгдсэн байна. Эсэргүүцэл илэрхийлсэн мэдэгдлийг Хятадын Батлан хамгаалах яамны цахим хуудас дээр байршуулжээ. 

 

"АНУ-ын үйлдэл нь "Тайванийн тусгаар тогтнолд" буруу дохио өгч, бүс нутаг дахь нөхцөл байдлыг зориудаар эвдэж, Тайванийн цутгалан дахь энх тайван, тогтвортой байдалд аюул занал учрууллаа. Бид үүнийг эрс эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн, Хятадын Ардын чөлөөлөх арми Америкийн хөлөг онгоц цутгалангаар нэвтрэх хугацаанд нь дагаж, чиглэлийг мөрдсөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

Өмнө нь, энэ оны хоёрдугаар сард Америкийн энэ USS Curtis Wilbur хөлөг онгоц мөн л Тайванийн цутгалангаар нэвтрэх үед Хятад улс эсэргүүцэл илэрхийлж байлаа. Эх газрын Хятадын эрх баригчид Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг бөгөөд энэ бүс нутагт Америкийн цэргийн аливаа техник нэвтрэхэд болгоомжлон хүлээж авдаг юм.

 

АНУ 1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, "нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрөн, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Гэхдээ АНУ Тайванийн захиргаатай харилцаатай хэвээр байхын дээр энэ арал руу зэвсэг нийлүүлсээр байгаа нь эх газрын Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ТАЙВАНИЙ ХООЛОЙ ГЭЭЧ ЭЭ ЮУН ЦУТГАЛАН БЭ
2021-05-19