Монголын нутгаар хийн хоолой дайруулах ажил дахин нэг шат ахив

ОХУ Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах тухай асуудал олон жилийн өмнөөс хөндөгдөж, хэлэлцэх шатандаа явж байгаад өнгөрсөн жилээс эхлэн энэ санаачилга урагшилж эхэлсэн юм. Хоёр талд харилцан ашигтай гэгдэх энэ хоолойг дамжуулах ажил дахин нэг шат ахисан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Оросын "Газпром" болон Монгол Улс "Сила Сибири-2" хий дамжуулах хоолойн үргэлжлэл хэсгийг тавих маршрутыг тохиролцон, төслийн техник-эдийн засгийн дүн шинжилэгэний үр дүнг баталжээ. ЭНэ талаар "Газпром"-ын удирдлагын орлогч дарга, "Газпром экспорт"-ын Ерөнхий захирал Елена Бурмистрова мэдэгджээ.
"Одоогийн байдлаар Оросын "Сила Сибири-2" хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох, Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайрах "Союз Восток" магистрал хийн дамжуулах хоолойн барилгын төслийн техник эдийн засгийн дүн шинжилгээний үр дүнг баталлаа" хэмээн Бурмистрова мэдээлсэн байна.
Түүнчлэн тусгай зориулалтын компани Монгол Улсад бүртгэгдсэн гэдгийг эргэн сануулсны дээр "хийн хоолой дайрч өнгөрөх маршрут, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон" хэмээн онцолжээ.
Газпромын мэдээлснээр, компани төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлсэн бөгөөд хэлэлцээр дуусах хугацаа нь "нийлүүлэлтийн нөхцлөөр талууд тохиролцоонд хэзээ хүрэхээс шалтгаалах" аж.
Монголоор дамжих Сибирийн хүч
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны тавдугаар сард "Сила Сибири-2" хоолой зураг төслийн ажил эхэлсэн талаарх мэдээлэл гарч байлаа.
Тодруулбал,Оросын Газпром компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан Хятад руу жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх экспортын хийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд "Оросын Ерөнхийлөгчийн даалгаснаар" Сила Сибири-2 ийн хоолой зураг төслийн ажил эхэлсэн талаар Оросын Газпром холдингийн тэргүүн Алексей Миллер мэдэгдэж байв.
“Сила Сибири” төсөл нь Якутаас Приморскийн хязгаар болон Ази Номхон далайн орнууд руу хий нийлүүлэх хийн хоолой барих “Газпром” болон Хятадын CNPC компаниудын хамтарсан төсөл юм.
Энэ төслийн дагуу 2158 км урт үргэлжлэх, жилд 38 тэрбум куб.метр хий экспортлох хүчин чадалтай хийн хоолой баригдаж, 2019 оны 12 дугаар сараас хийн нийлүүлэлтийг эхэлсэн юм.
Улмаар Хятадын зах зээл дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа зах зээл гэж Оросын тал үзэж, бусад чиглэлүүдээр Хятад руу хий нийлүүлэх боломжуудыг БНХАУ-ын түншүүдтэй хамтран судлах ажлыг өнгөрсөн жилүүдэд эрчимжүүлж байлаа. Олон жил, олон хувилбараар яригдсан маршрутаас Монголоор дайруулах хувилбарыг тухайлан авч хэлэлцээд мөн л багагүй хугацаа өнгөрсөн юм. Монголын нутгаар хийн хоолойг дайруулах нь Орос, Монголд аль альд нь ашигтай гэж үздэг.
"Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулвал туулах зам 1 мянган км-ээр дөт, өндөр уулсаар биш харин Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулвал өртөг багасна" гэж шинжээчид онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ