Израиль, ХАМАС галаа зогсоов
2021-05-21

Тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн харилцан цохилт өгч, байлдааны байдалд шилжээд байсан Израиль, Палестин гал баасан гарагт шилжих шөнө галаа зогсоожээ. 

 

Тодруулбал, Израилийн Засгийн газар аюулгүй байдлын асуудлаар хуралдаж, энэ хуралдаан дээр Газын зурваст гал зогсоох тухай саналыг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Энэ талаар тавдугаар сарын 20-ны шөнө Израилийн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ. Энэ мэдэгдлийн дараа Исламын ХАМАС бүлэглэл ч байлдааны үйл ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

"Харилцан гал зогсоох тохиролцоо хоёр талаас, баасан гарагт шилжих шөнө, орон нутгийн цагаар 02:00 цагт хүчин төгөлдөр болно" хэмээн Газ дахь ХАМАС бүлэглэлийн тэргүүний төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Египетийн зуучилснаар ийнхүү зөвшилцөлд хүрч чадсан байна. Гэхдээ Израилийн тал галаа бүрэн зогсоохгүй бол палестинчууд зэвсэгт эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж ХАМАС мэдэгдсэн бол ХАМАС-ыг пуужин хөөргөсөөр байвал гал зогсоох хэлэлцээр цуцлагдана гэж Израилийн тал анхааруулсан байна.

 

Эргэн сануулахад, Газын зурвас дахь Палестины хэт даврагч бүлэглэлүүд болон Израилийн арми тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн харилцан цохилт өгсөөр байсан юм. Дорнод Иерусалимд амьдрах араб гэр бүлүүдээс байшинг хураах Израилийн шүүхийн шийдвэр гарсаны дараа хоёр талын иргэдийн хооронд маргаан, сөргөлдөөн үүсч, улмаар Аль-Акса сүмийн ойролцоо эмх замбараагүй байдал дэгдсэний дараа Палестин анхлан пуужин харваж байлаа. Палестины Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, энэ хугацаанд Газын зурваст амиа алдсан хүний тоо 250 болсноос 60 нь хүүхэд, 30 гаруй эмэгтэй байжээ. Израилийн талаас 12 хүн амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин