Улс орнуудын дархлаажуулалтын урамшуулал болон албадлагын аргууд
2021-05-22

Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахлыг даван гарахын тулд вакцинжуулалтыг идэвхжүүлэхээр чармайж байгаа ч асар богино хугацаанд гарган авсан урьдчилан сэргийлэх тарилгад төдийлөн итгэхгүй хүмүүс улс орон бүрт л байсаар байна. Вакцины талаарх ташаа мэдээлэл, төөрөгдлөөс үүдэлтэй иргэдийн идэвхгүй байдлыг арилгаж, вакцинд хамруулахын тулд урамшууллаас эхлээд албадлага хүртэл төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа юм. 

 

Монголын "50 мянга"

"Хятад вакцин хортой", "удамд нөлөөлнө", "үхэлд хүргэнэ" гэх зэрэг мэдээллийг олон нийтийн сүлжээнээс олж хараагүй өнгөрсөн хүн гэж нэг ч байхгүй байх. Зориудын гэмээр ийм ташаа мэдээллийг өндөр боловсролтой гэгдэх хүмүүс, тэр бүү хэл төр түшилцэж явсан эрхмүүд ч тараасан нь тэдэнд итгэдэг хүмүүс вакцинаас татгалзахад нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. 

 

Гэхдээ манай улс вакцины нөөцөө хангалттай хэмжээнд болгосныхоо дараа иргэдийг вакцинд хамруулахыг уриалж, улмаар мөнгөн тэтгэмж өгөхөөр болсон бөгөөд вакцинд хамрагдсан иргэдэд 50 000 төгрөгийн урамшуулал олгох болсон юм. 

 

Москва ахмадууддаа урамшуулал амалсан нь  

Оросын нийслэл Москва хотод коронавирусийн эсрэг вакцин тариулсан 60-аас дээш насны оршин суугчдыг урамшуулах хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн юм. Ингэснээр вакцинд хамрагдсан ахмадууд бэлгийн карт эсвэл урамшууллын код авахаар болжээ. 

 

Тодруулбал,  Москвагийн эрүүл мэндийн даатгалтай, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас дээш насныхан 1000 рублийн үнийн дүнтэй бэлгийн карт эсвэл мөн ижил дүнтэй урамшууллын код авах эрхтэй болсон байна.

 

Хятад маягийн урамшуулал  

Хятадын эрх баригчид зургадугаар сард багтаан нийт хүн амынхаа 40 хувийг вакцинжуулах зорилго тавьсан ч иргэд вакцинд төдийлөн хамрагдахгүй байгаа гэнэ. Тиймээс Хятадын засгийн газар вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаагийн дээр зарим мужуудад вакцин тариулсан хүмүүст үнэгүй өндөг, дэлгүүрийн урамшууллын тасалбар өгч байлаа. Гэсэн ч Хятадын иргэдийн багагүй хувь нь цар тахалтай амжилттай тэмцэж байгаа тул заавал вакцин тариулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Тайландад үхэр, алт амлав


 

Тайландад коронавирусийн вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд иргэддээ алт, үхэр амлаж байгаа гэнэ. Ингэснээр оршин суугчид илүү идэвхтэйгээр вакцинд хамрагдана гэж Тайландын эрх баригчид тооцож байгаа аж. Тайландын зарим дүүргүүдэд вакцин тариулсан хүмүүст зориулан сугалаа явуулж эхэлжээ. Тэдэнд алтан гинж, мөнгө, дэлгүүрийн хямдралын тасалбар, түүнчлэн үхэр амлаж байгаа гэнэ.

 

Америкийн асар өндөр хонжвортой сугалаа

АНУ-ын Охайо муж өндөр хонжвортой сугалаа явуулж, иргэдээ вакцин тариулахад идэвхжүүлэхээр болсон бол энэ долоо хоногт өөр нэг муж болох Мэриленд муж коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан оршин суугчдын дунд өдөр бүр 40 мянган ам.долларын хонжвортой сугалаа явуулахаар болсон юм. Сугалаа 40 өдрийн турш үргэлжилж, долдугаар сарын дөрөвний өдөр 400 мянган ам.долларын хонжвор олгогдох бөгөөд нийтдээ Мэриленд мужид хоёр сая ам.долларын хонжворыг тараахаар болжээ. Энэ сугалаанд Мэриленд мужид бүртгэлтэй, ялагчийг зарлахаас өмнө дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн, 18-аас дээш насныхан оролцох юм байна. 

Израиль: Вакцин тариулсан нь давуу эрхтэй

Израиль цар тахлыг давж, улс хөл хориогоо сулруулж байгаагаа гуравдугаар сарын эхээр зарласан юм. Гэхдээ хүн бүр чөлөөтэй зорчих эрхгүй. Израиль вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд "ногоон паспорт" гаргасан бөгөөд ийм паспорттой хүмүүсийг л дахин хаалгаа нээсэн кафе, зоогийн газар, бусад үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийг зөвшөөрчээ. 

 

Индонези иргэдээ "эрхлүүлэхгүй"

 

Олон орон ийнхүү иргэдээ эрүүл мэндээ хамгаалсных нь төлөө урамшуулал өгсөн бол Индонезийн эрх баригчид "хариуцлагагүй нөхөд"-ийг эрхлүүлэхгүй гэдгээ анхнаасаа л мэдэгдэж байв. Энэ улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтыг бүх иргэдэд албан журмаар хийж, шаардлагатай бол албадан хийнэ гэж хоёрдугаар сард мэдэгдсэн юм.

 

Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэхгүй байж болно, харин ийм шалтгаангүйгээр татгалзвал торгууль ноогдуулах, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, төрөл бүрийн төрийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах аж. Тус улсын удирдлагууд 15 сарын дотор 181.5 сая хүнийг буюу хүн амынхаа гуравны хоёрыг (shuud.mn: Индонези 270 сая орчим хүн амтай) вакцинжуулах зорилт тавьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүн бүрд 50к өгснөөс 100 саяын сугалаа зарласан бол хэмнэлттэй байсан юм.
2021-05-22