Унгарт амны хаалт зүүх журмыг цуцална
2021-05-21

Унгарт амны хаалт зайлшгүй зүүх журам болон хязгаарлалтуудын ихэнхийг цуцлахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Тодруулбал, 9,7 сая хүн амтай энэ улсад пүрэв гарагийн байдлаар 4,89 сая хүн вакцинд хамрагдсан гэсэн тоо гарсан бөгөөд ирэх амралтын өдрүүдээр энэ үзүүлэлтийг 5 саяд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Ингэснээр амны хаалт зүүх журам, хөл хорих цагийг цуцалж, дэлгүүр болон зоогийн газрууд хэвийн ажиллан, гэр бүлийн арга хэмжээ, хуримын ёслолыг зөвшөөрч, задгай талбайд 500 хүртэлх хүн цуглах арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. 


Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хараахан вакцинд хамрагдаагүй иргэдэд хандан урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй хамрагдахыг уриалсаны дээр Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсон, АстраЗенека вакцины нэмэлт тунгуудыг захиалсан, вакцин хүрэлцээтэй хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин