Европ Беларусийг онгоц барьцаалсанд буруутгаж, хориг тавихаар зэхэж байна
2021-05-24

 

Афин-Вильнюс чиглэлд нислэг үйлдэж явсан Ryanair компанийн онгоцыг Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудал дээр буулгаж, улмаар онгоцонд зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг саатуулсан хэрэг өнгөрсөн ням гарагт гаржээ. Энэ үйл явдлыг эсэргүүцэж байгаагаа Европын тэргүүнүүд илэрхийлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Европын холбооны улс төрчид онгоц буулгасан үйл явдлыг "иргэний тээврийн онгоцыг барьцаалсан" явдал хэмээн нэрлээд, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ тавих асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

Үйл явдлыг тодруулбал, Афин-Вильнюс чиглэн нисэж явсан "Ryanair" компанийн онгоц тавдугаар сарын 23-ны өдөр Минск хотноо яаралтай газарджээ. Үүний шалтгаан нь онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл гэнэ. Гэтэл тун удалгүй, онгоцонд сэтгүүлч Роман Протасевич зорчиж явсан талаарх мэдээлэл цацагдсан байна. Тэрбээр Беларусьт "экстремист" гэж нэрлэгдсэн НЕКСТА сувгийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч юм. Онгоцыг газардсаны дараа Минскийн нисэх буудал дээрээс Протасевичийг баривчилжээ.

 

Үйл явдал хэрхэн өрнөв

 

Минскийн нисэх буудлын хэвлэлийн албаны мэдээлснээр, онгоцонд бөмбөг тавьсан талаар нисгэгчид мэдээлсэн бөгөөд үүний дараа онгоцыг Беларусийн нийслэлийн зүг эргүүлжээ. Энэ үед онгоц Беларусийн агаарын орон зайд байсан ч гэлээ Вильнюсын нисэх буудал хүртэл ердөө 10 минут нисэх зай үлдсэн байсан гэнэ.

 

Онгоц амжилттай газардаж, шалгалт хийхэд бөмбөг тавьсан гэх мэдээлэл батлагдаагүй байна. Онгоцонд 123 зорчигч нисэж явсан, тэднийг бүгдийг шалгажээ. Энэ явдлын дараа агаарын тээврийн компани мэдээлэхдээ, онгоцонд аюул учирсан гэх мэдээллийг Беларусийн диспетчерийн алба өгсөн гэдгийг онцолсон байна. Беларусийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, онгоцыг дагалдуулахын тулд МиГ-29 сөнөөгч онгоц хөөргөжээ. 

 

Улмаар онгоц газардах болсны дараахан онгоцонд сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевич зорчиж явсан нь тодорхой болсон бөгөөд түүнийг олон нийтийн эмх замбараагүй байдал, бүлэглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан, эрх баригчдын төлөөлөгчдийн хууль ёсны шаардлагыг үл хэрэгссэн, нийгэмд үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үзлийг дэврээсэн гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн буруутгаж байсан юм.

 

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Беларусийн сонгуульд Александр Лукашенко ялсаныг тус улсын сөрөг хүчин эсэргүүцэж, олон нийтийн жагсаал цуглаан жил гаруй үргэлжлэн, эрх баригчид олон мянган хүн баривчилсаны дотор сэтгүүлчид хэдэн зуугаараа байсан юм. Онгоцыг яаралтай газардуулан байж баривчилсан Протасевич үймээн гарснаас хойш Польш улсад амьдарч байсан бөгөөд хоёрдугаар сард түүнийг шилжүүлэн өгөх баримт бичгийг Беларусийн эрх баригчид Польш руу илгээж байв. Түүнийг Эрүүгийн хуулиар буруутгаж, улмаар 15 хүртэлх жилийн ял оноож болзошгүй гэж Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Сөрөг хүчний төлөөлөгчийг баривчлахаар "онгоц барьцаалсан" нь

 

Онгоц яаралтай газардуулсан энэ үйл явдлыг "Беларусийн эрх баригчдын тусгай ажиллагаа" хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, сэтгүүлч Протасевич Грект амраад Афинаас дээрх онгоцоор нисэх гэж байгааг Беларусийн эрх баригчид мэдэж байсан гэнэ.

 

Мөн Беларусийн сөрөг хүчин мэдэгдэл хийхдээ "Александр Лукашенко сэтгүүлч Протасевичийг баривчлахыг хүссэн тул" 123 зорчигчтой онгоцыг эргүүлсэн хэмээжээ. Улмаар, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская "Протасевичийг нэн даруй суллах"-ыг шаардан, Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагыг "зохих арга хэмжээ авах"-ыг уриалжээ.

 

Мөн Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен "онгоц барьцаалсан этгээдүүд шийтгэл хүлээх ёстой" гэж мэдэгдсэн бол Беларусь дахь АНУ-ын Элчин сайд "Лукашенкогийн дэглэм олон улс болон тэдгээрийн иргэдийг үл тоомсорлодог гэдгээ дахин харууллаа" хэмээн мэдэгдсэн байна.

 

Харин НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "энэ бол олон улсын зүгээс мөрдөн шалгах шаардлагатай ноцтой, аюултай хэрэг" хэмээн мэдэгдсэн бол Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб "Лукашенкогийн энэ зэрлэг үйлдэл ноцтой үр дагавар дагуулна" гэж мэдэгджээ.

 

Энэ төрлийн бусад жишээнүүд

 

Хэн нэгнийг саатуулахын тулд онгоцыг буцааж, албадан газардуулж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв.  2004 - Оросын сенатч Андрей Вавиловын зорчиж явсан онгоцыг АНУ-д албадан газардуулав. Вавиловыг Холбооны мөрдөх товчоо байцаахын тулд онгоцыг буулгажээ. 

 

2013 - Вена хотын нисэх буудалд Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралесын онгоц төлөвлөөгүйгээр газардав. Эво Моралес Оросоос буцаж явсан бөгөөд түүнийг Франц, Португалийн агаарын орон зайгаар дамжихыг хориглож байлаа. Онгоцонд АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдуард Сноуден зорчиж байж болзошгүй гэсэн таамаглалын улмаас ийм шийдвэр гаргажээ. Гэвч онгоцонд Сноуден байгаагүй, онгоцны бүхээгт Австрийн тусгай албадын ажилтнууд орж, Боливийн Ерөнхийлөгч зүгээр л онгоцноос нь "хөөчхөж" байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин