WSJ: Коронавирусийг зохиомлоор гарган авсан байж болзошгүй
2021-05-24

БНХАУ-ын Уханийн вирус судлалын хүрээлэнгийн гурван ажилтан SARS-CoV-2 вирусийн халдварын үед илрэх шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн тусламж авсан нь коронавирусийг зохиомлоор гарган авсан байж болзошгүй гэх таамаглалыг лавшруулах нэг баримт болж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын тагнуулын албаны олонд дэлгээгүй илтгэлээс иш татан The Wall Street Journal (WSJ) мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, WSJ сонины сэтгүүлчид АНУ-ын тагнуулын албаны илтгэлийн мэдээллүүдтэй танилцаж чадсан бөгөөд энэ тайланд агуулагдаж буй мэдээлэл нь шинэ төрлийн коронавирусийн халдварын жинхэнэ үүсэлтэй холбоотойгоор өргөн цар хүрээтэй шалгалт явуулах тухай уриалгад түлхэц болох гэнэ.

 

WSJ агентлагийн мэдээлснээр, Хятад үл мэдэгдэх өвчний халдвар бүртгэгдсэн гэж ДЭМБ-д мэдээлэхээс ч өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард Уханийн вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн эмнэлэгт хүргэгдэхүйц хэмжээний хүндээр өвдсөн байна. Тухайн үед тэдэнд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд илэрдэг шинж тэмдгүүд илэрч байжээ.

 

Хятадын эрдэмтэд чухамхүү коронавирусийн халдвар авч байсан гэж Америкийн WSJ сонин батлаагүй ч цаашид коронавирусийн үүслийн эх үүсвэрийг судлахад энэхүү мэдээлэл ач холбогдолтой байж магадгүй гэдгийг эх сурвалж анхааруулсан байна. 

 

Цагаан ордон тагнуулын албаны тайлангийн мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, коронавирусийн үүслийн талаарх бүхий л онолыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын шинжээчид шалгах ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин