Европт вакцины дараа цус бүлэгнэхээс сэргийлэх зөвлөмж гаргажээ
2021-05-24

Коронавирусээс сэргийлэх АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд Европын орнуудад цөөнгүй гарч байлаа. Энэ тохиолдлуудыг судалсаны дараа, АстраЗенека вакцинаас үүдэлтэй цус бүлэгнэл ховор тохиолдолд илэрч байгаа, вакцин гаж нөлөөнөөсөө илүү ашиг тус ихтэй гэсэн дүгнэлт гарсан тул улс орнууд энэ вакциныг ашиглан дархлаажуулах ажлаа үргэлжлүүлж байсан юм. 

 

Энэ удаад Европын эм бэлдмэлийн агентлаг АстраЗенека вакцины эхний тунг тариулсны дараа цус бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч байсан хүмүүст давтан тун тарихыг хориглосон байна. Түүнчлэн АстраЗенека вакциныг ашиглах нэмэлт зөвлөмж гаргажээ. Агентлагаас гаргасан баримт бичигт АстраЗенека вакцины дараа цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, эмч болон өвчтөнүүдэд зориулсан зөвлөмж багтаж байгаа аж. 

 

Эмч нар шинэ зөвлөмжийн дагуу, вакцины эхний тунг тариулсны дараа тромбоцитын агууламж буурах шинж тэмдэг ажиглагдсан өвчтөнүүдэд давтан тун хийхийг хориглож, вакцин тариулсны дараах гурван долоо хоногийн туршид цусан дахь тромбоцит багатай хүн бүрт цус бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгах, цус өтгөрөх шинж тэмдэгтэй хүмүүсийн цусан дахь тромбоцитуудын түвшин бага байгаа эсэхийг шалгах, вакцин тариулсны дараа тромбоцитын хэмжээ буурсан өвчтөнүүдэд нэн даруй мэргэжлийн тусламж үзүүлэх ёстой аж. 

 

Харин вакцинд хамрагдсан хүмүүст зориулсан зөвлөгөөнд  тариулснаас хойших гурван долоо хоногийн хугацаанд амьсгал бачимдах, цээжээр өвдөх, хөл, гар хавагнах, гэдсээр байнга өвдөх, толгой хүчтэй эсвэл байнга өвдөх, нүд бүрэлзэх, ухаан балартах, ухаан алдах,арьсан дээр хөх толбо гарах эсвэл вакцин тариулсан хэсэгт жижиг тууралтат толбууд гарвал эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин