Колумбийн эсэргүүцэгчид Шүүхийн ордныг шатаажээ

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн татварын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа Колумби улсад эсэргүүцэгчид шүүхийн ордныг шатаасан талаар ВВС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 25-ны өдөр Тулуа хотод байх Шүүхийн ордны барилгыг шатаасан байна. Бүлэг хүмүүс барилгыг шатаасан бол залуус зам хааж, гал унтраахаар ирсэн гал сөнөөгчдийн машиныг оруулахгүй байсан гэнэ. Гэхдээ энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй байна.
Түүнчлэн Тулуа хотын бусад дүүргүүдэд, мөн нийсллэ Богота болон Кали, Медельина зэрэг томоохон хотуудад ч эмх замбараагүй байдал үргэлжилжээ. Энэ улсад анх татварын шинэчлэлийг эсэргүүцэн иргэд жагсаж, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн тул эрх баригчид шинэчлэлийн төлөвлөгөөг өөрчилж , сангийн сайд нь огцорсон ч үймээн үргэжлилсээр байгаа юм. Эсэргүүцэл дэгдсэнээс хойш үймээн болон цагдаагийнхантай мөргөлдөх үеэр амиа алдсан хүний тоо 40 гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ