COVID-19: Өмнөд Солонгост амны хаалтгүй зорчихыг зөвшөөрнө
2021-05-27

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины эхний тунг тариулсан иргэд  долдугаар сараас эхлэн гадаа амны хаалтгүй зорчиж болно гэж Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Бу Гем мэдэгджээ. 

 

БНСУ-ын Ерөнхий сайдын өгүүлснээр,есдүгээр сарын сүүл гэхэд тус улсын хүн амын 70 гаруй хувь нь дор хаяж нэг тун вакцин тариулсан байх таамаглал гарч байгаа тул вирустэй тэмцэх засгийн газрын арга хэмжээнүүдийг бүхэлд нь дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

"Сүргийн дархлаа тогтсон үед дотор орчинд ч амны хаалт ашиглах журмыг сулруулах талаар авч хэлэлцэж байна" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Өмнөд Солонгос хоёрдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлаа эхэлсэн бөгөөд энэ оны 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолж байгаа аж. Энэ улс 52 сая хүн амтай, үүнээс 1,9 сая буюу 3,8 хувь нь вакцинд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин