Л.Баттөр: Вакцинжуулалт үр дүнгүй болж, халдвар нэмэгдэх хандлагатай байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр нарын албаны хүмүүс оролцож, асуултад хариуллаа.
Нөхцөл байдал ямар байна вэ?
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
-Аливаа нэг хөл хорио тогтоосны дараа хүн амын дунд хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоор нууц хугацааны 5,5 хоногийн дараагаас эхлээд тохиолдлын тоо нэмэгдэх чих хандлага байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг рүү шилжиж хөл хорионы зэрэглэлийг бууруулсантай, орон нутгийн хөдөлгөөн нээсэнтэй, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тоо нэмэгдэж эхэлж байна. Оргил үеийн тархалтаас хойш тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд ямар ч байсан тархалтын тохиолдлын тоо маань буурсан. Үүнээс үүдэн14-21 хоногийн дараа дагалдаж нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцоолол хийж байсан. Үүний дагуу нас баралт харьцангуй бууж байгаа. Гэхдээ эргээд давлагаа үүсэх хандлагатай учир илүү олон хүн амыг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох нас баралтын тоо нэмэгдэх эрсдэл хүлээж байна.
Өнөөдөр батлагдаж буй тохиолдлууд ойрын хавьтал дундаас гарсан уу?
-Ойрын хавьтлын шинжилгээг дүүргүүд сайн хийж байгаа. Гэхдээ вакцинжуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад иргэд маань халдвар авахгүй бүрэн хамгаалагдсан гэдэг байдлаар хандаж байгаа асуудал бий. Улаанбаатар хотын иргэдийн 99 хувь нь вакцинжуулалтандаа хамрагдсан. Иргэд хариуцлагатай байна. Эсрэг заалттай эсвэл эргэлзэж дархлаажуулалтад хамрагдахгүй иргэд байна. Вакцинжуулалтандаа бүрэн хамрагдвал хүндрэл буурах боломжтой.
Вакцин хийлгэсний дараа халдвараар өвчлөх эрсдэл хэр байдаг вэ?
-Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүн амын дундаас 0.5 хувь буюу ойролцоогоор есөн мянган хүн халдвараар өвчилсөн. Бүрэн тунгийн дараа ч өвчлөх эрсдэл бий. Манай улсад энэ тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад халдвар авсан гурван мянга гаруй иргэн бий. Дэлхий дахинд Vaccine breakthrough/вакцинаас дайжих/ гэдэг нэршил бий болжээ. Энэ нь вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараа халдвар авч байгаа хүмүүстээ илүү анхаардаг болсон. Нэгдүгээр тунгийн дараа бүрэн дархлаа тогтохгүй учир халдвар авах эрсдэл өндөр. Мөн хоёрдугаар тунд хамрагдсан ч гэсэн 14 хоногийн дотор халдвар авах эрсдэлтэйг судалгаагаар харуулж байна. Хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоногийн дараагаас халдвар авч байгаа тохиолдолдоо онцгой анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 14 хоногийн дараагаас дархлаа тогтохгүй байна гэдгийг дагаж судлах ёстой. Манай улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдаад нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Тухайн таван хүн нь вакцины бүрэн тунгаа аваад 14 хоногийн дотор хүндэрсэн, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ