Хамгийн ӨВӨРМӨЦ ДАРХЛААЖУУЛАЛТЫН цэгүүд
2021-05-29

Дэлхий дахин коронавирусийн цар тахалтай тэмцэхийн тулд дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд иргэддээ мөнгө, урамшуулал амлахын дээр сонин содон газруудад дархлаажуулалтын цэгүүдийг ч байгуулах зэргээр төрөл бүрийн арга ашигласаар байгаа юм. Зарим оронд иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор сонирхол татахуйц газруудад вакцин тарихаар шийдсэн бол өөр орнуудад ердөө л аль болох хүртээмжтэй байхуйцаар цэгүүдийг байгуулжээ. 

 

Итали: Карл Бестийн хүрээлэнгийн номын сан 

Италийн Милан хотод Карло Бестийн хүрээлэнгийн номын сангуудад дархлаажуулалтын долоон цэг байгуулжээ. 

 

Их Британи 

 

Английн Стаффордшир дэх Личфилдийн сүм цар тахлын үед вакцинжуулалтын цэг байгуулсан хамгийн өвөрмөц газруудын нэг. 

 

Герман: Супермаркетууд 

Германы, Баден-Вюртембергийн оршин суугчид хотын нэгэн супермаркетад тарилга хийлгүүлэхээр дугаарлаж байна. 

 

Канад: Морин тойруулга 

Канадын Онтарио хотод морин тойруулгын клубын гол танхимд дархлаажуулалтын түр цэг байгуулжээ. 

 

Энэтхэг: Нийтийн зогсоол


 

Коронавирусийн халдварын нөхцөл байдал тун хүнд байгаа Энэтхэгийн Мумбай хотод вакцинжуулалтад иргэдийг олноор нь хамруулахын тулд хаа сайгүй, тэр бүү хэл гадаа зогсоол дээр ч тарилга хийж байна. 

 

Герман: Автозогсоол 

Зогсоолыг дархлаажуулалтын цэг болгон ашиглаж байгаа улс цөөнгүй. Энэтхэгээс гадна Герман улс ч энэ газрыг ашиглажээ. Тухайлбал, Германы Мюнхен хотоос холгүй орших Эберсберг дахь газар доорх зогсоолд дархлаажуулалтын түр цэг байгуулсан байна. 

Бразил: Үндэсний музей 
 

Сүм, музей зэрэг соёлын газруудад иргэдийг дархлаажуулалтад хамруулах нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх төдийгүй тэдний сонирхлыг татаж, тайвшруулах нөлөөтэй ч гэмээр. Тиймдээ ч соёлын байгууллагуудад дархлаажуулалтын цэг байгуулсан жишээ цөөнгүй. Үүний нэг нь Бразил улс. Рио-де-Жанейро хотод Бразилийн Үндэсний музейд хүссэн хүн бүр коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэх боломжтой. 

 

Орос: Эмнэлгийн галт тэрэг 

Оросын Эрхүү мужийн Куйтун суурингийн оршин суугчид төмөр замын өртөөн дээрх “Академич Федор Углов” нэртэй эмнэлгийн галт тэргэнд вакцин тариулах боломжтой. Түүнчлэн зөвлөх, оношилгооны төв болох энэ галт тэрэг Дорнод Сибирийн төмөр замын өртөөгөөр аялж, хүмүүсийг вакцинд хамруулдаг аж. 

 

АНУ: Бейсболын цэнгэлдэх хүрээлэн 


АНУ-ын Сиатл хотод “Сэфико-филд” бейсболын цэнгэлдэх хүрээлэнд дархлаажуулалтын цэг байгуулжээ. Үзэгчид тэмцээний тоглолтын завсарлагаанаар коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах боломжтой аж. 


АНУ: Тайчих клуб 

Оршин суугчдыг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахын тулд Лас Вегасын тайчих клубт дархлаажуулалтын цэгийг нэг өдрийн турш ажиллуулжээ. Энэ цэгээр зөвхөн 21-ээс дээш насныхан үйлчлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд вакцин тариулсан хүмүүст урамшууллын карт, лонх дарс бэлэглэж, тайчих урлагийн үзүүлбэр сонирхуулсан гэнэ. 

Япон: Сумогийн ордон 

Дархлаажуулалтын ажил төдийлөн хангалттай түвшинд хүрээгүй Японд мөн л иргэдийг идэвхжүүлэх үүднээс сумогийн ордонд вакцин тарьж байв. Энэ үеэр иргэд сумо үзэж, сугалаанд хамрагдаж, сумогийн сэдэвтэй төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин