Сүүлийн 30 жилийн хугацаанд АНУ анх удаа Иранаас газрын тос авлаа

1991 оноос хойш анх удаа Иранаас АНУ руу хоногт 33 мянган баррель газрын тос нийлүүлжээ. Энэ мэдээлэл АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн газрын баримт бичигт багтсан байна.
АНУ хамгийн сүүлд 1991 оны 11 дүгээр сард Иранаас газрын тос импортолжээ. Тухайн үед хоногт 64 мянган баррель газрын тос нийлүүлэгдэж байсан гэнэ. Харин 2020 оны 10 дугаар сард АНУ Иранаас хоногт 36 мянган баррель газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь 1991 оны 12 дугаараас хойших хамгийн анхны импорт аж.
АНУ-ын Эрчим хүчний яамны гаргасан мэдээлэлд дурдсанаар, 1973-1979 оны хооронд АНУ тогтмол газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортолж байгаад цаашдаа аажмаар буурсан байна. 1988 оны нэгдүгээр сард Иран АНУ руу хоногт 1000 баррель газрын тос нийлүүлж, улмаар 1991 оны долдугаар сар хүртэл импорт зогсжээ.
Энэ нь хоёр талын харилцаатай шууд холбоотой бөгөөд АНУ Ираныг цөмийн хэлэлцээрийг дахин сэргээхгүй байгаад буруутган, төрөл бүрийн хориг тавьсаар ирсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ