COVID-19: Африкийн орнууд хязгаарлалтаа чангатгаж, Вьетнам 13 сая хүнээс шинжилгээ авна

img

Дэлхий дахин хөл хорио, хязгаарлалт болон дархлаажуулалтын тусламжтайгаар коронавирусийн цар тахалтай тэмцсээр байна. Worldometer сайтын мэдээллээр, дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 170 сая давж, 3,5 сая хүн нас барсанх бол 153 сая хүн эдгэрчээ. Өнгөрсөн ням гарагт, цар тахалтай холбоотой ямар үйл явдлууд дэлхий дахинд өрнөснийг тоймлон хүргэж байна. 

 

Украин Энэтхэгт тусламжийн гараа сунгав

Тахлын нөхцөл байдал нэн хүнд байгаа Энэтхэг улсад дэлхийн олон орон тусламжийн гараа сунгаж байгаа юм. Энэ удаад Украин улс тусламж илгээжээ.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, коронавирустэй тэмцэхэд зориулсан хүмүүнлэгийн тусламж бүхий онгоцыг Украин Энэтхэг рүү илгээсэн байна. Эхний нислэгээр 184 хүчилтөрөгчийн концентрат очих бол хоёр дахь нислэгээр уушгины хиймэл амьсгалын 216 аппаратыг хүргэнэ гэж Украины Онц байдлын алба мэдээлжээ. 

 

Энэтхэгт тахлын нөхцөл байдал нэн хүнд байгаа бөгөөд ням гарагт коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас 3460 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 325 972 болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 28 сая болсон гэх албан мэдээлэл байдаг ч үнэндээ үүнээс ч хавьгүй их хүн халдвар авсан гэж Энэтхэгийн шинжээчид үзэж байгаа аж.

 

 Африкийн орнууд хязгаарлалтуудаа чангатгав 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хязгаарлалтуудаа чангатгахаар болжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг багасгах зорилготой гэж тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса мэдэгдсэн байна. 

 

Улмаар хязгаарлалтуудыг чангатгаснаар зоогийн газар, уушийн газар, фитнес болон нэн шаардлагатайд хамаарахгүй үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагууд 22.00 цаг гэхэд хаалгаа барьж, 23,00 цагаас 04.00 цаг хүртэл хөл хорих цаг үйлчлэх аж. 

 

Олон нийтийн арга хэмжээг дотор орчинд зохион байгуулах бол 100 хүртэлх хүн, харин задгай орчинд зохион байгуулах бол 250-аас ихгүй хүн оролцуулах ёстойг журамд заасан байна. 

Түүнчлэн, Африк тивийн өөр нэг улс болох Кени хязгаарлалтаа чангатгаж, 22.00-04.00 цаг хүртэлх хөл хориог дахин 60 өдрөөр сунгасан байна. Мөн хоёр сарынх туршид олон нийтийн арга хэмжээ явуулахыг хоригложээ. Кени улс 52,5 сая хүнтэй бөгөөд тус улсад гуравдугаар сард дархлаажуулалт эхэлсэн, одоогийн байдлаар 970 мянга орчим хүн л вакцинд хамрагджээ. 

Вьетнамын нэг хотын 13 сая оршин суугчийг бүгдийг шинжилгээнд хамруулна 

Вьетнамын томоохон хот болох Хошиминий эрх баригчид халдварын дэгдэлт гарсан тул энэ хотын 13 сая оршин суугчийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа талаар DW мэдээлжээ.

 

Хотын захиргаа өдөрт 100 мянган хүнийг шинжилгээнд хамруулахар төлөвлөж байгаа гэнэ. Энэ хотод ажлын байр, эмнэлгээс бусад газарт 10-аас дээш хүн цуглахыг хориглосон бол саяхан халдварын дэгдэлт гарсан дүүргийн иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахыг хоригложээ.

 

Хятад нэг өдрийн дотор 17 сая тун вакцин тарьжээ 

Коронавирусийн халдварын анхдагч голомт болсон Хятад улс цар тахлыг даван, өдгөө өдөрт тун цөөн халдвар шинээр бүртгэгдэж байгаа юм. Энэ амжилтаа хадгалахын тулд дархлаажуулалтыг эрчимжүүлнэ гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байлаа. 

 

Тус улсын эрх баригчдын өгсөн албан ёсны мэдээллээр, тавдугаар сарын 29-нд, ганцхан өдрийн дотор 17,98 сая тун вакцин хийсэн гэнэ. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш тус улсад 620,97 сая хүн коронавирусээс сэргийлэх вакцин тариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ