Путиний тогооч: Ерөнхийлөгчийн хоолны ширээг засах үед эмч, цэргийнхэн хянадаг
2021-05-31

Кремлийн ордонд ажиллаж байсан, Францын тогооч Жером Риго Оросын Ерөнхийлөгч Владимир Путины дуртай хоолны талаар ярьжээ. 

 

Paris Match сонинд өгсөн ярилцлагадаа, Оросын Ерөнхийлөгч махан хоолонд дуртай, харин 2008-2012 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өнөөгийн Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев  исгэлэн сүмстэй загасанд дуртай гэж ярьжээ.

 

"Ажил эхлэхээс өмнө армийн эмч нар хоолны бүтээгдэхүүнүүдийг лабораторид шалгадаг байсан. Тэд зөвшөөрөл өгсөн үед л Ерөнхийлөгчийн ширээг засна. Төрийн тэргүүний ширээг засах явц эмч болон цагдаа нарын нарийн хяналт дор явагддаг" хэмээн тогооч ярьжээ.

 

Мөн 2000 зочинтой, Оросын элитүүдийн үдэшлэгүүдийг зохион байгуулж байсан ч төрийн нууцыг хамгаалах ёстой тул Кремльд ажиллаж байсан үеийнхээ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй гэж Риго өгүүлсэн байна.

 

"Оросууд ширээний цаана хэдэн цагаар ч хамаагүй суух дуртай. Өлсгөлөн тэдний ой тоонд шингэсэн тул тэд хэзээ ч талх хаядаггүй, хоол хүнсэнд хүндэтгэлтэй ханддаг" хэмээн Франц тогооч өгүүлжээ.

 

Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярихдаа, Владимир Путин хоол төдийлөн голдоггүй ч гурилан бүтээгдэхүүнээс зайлсхийдэг хэмээж байлаа. Гурилан бүтээгдэхүүн идэхгүй байснаар Оросын төрийн тэргүүн илүүдэл жингүй байхад нөлөөлдөг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин