Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байдалд байгаагаа мэдэрдэг

ОХУ-д ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгснөөс олны анхаарлыг илүүтэй татдаг ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх тухай болон Шүрэнгийн УЦС-ын төслийн талаар ярьсан хэсгийг товчлон хүргэж байна.
- Орост айлчлах таны гол зорилго юу вэ?
- Миний энэ удаагийн айлчлал Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Хоёр тал энэхүү тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх өргөн цар хүрээтэй төлөвлөгөө гаргасан. Сайдын албан тушаалаа авснаас хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа нь ихээхэн утга учиртай.
...Удалгүй, зургадугаар сарын есний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүдийн хоорондын харилцаа холбооны талаар хэлэлцэхээр бид төлөвлөж байна. Сонгуулийн дараа манай Гадаад хэргийн яам улс орны шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиг хандлагыг боловсруулах бөгөөд үүнд Оростой хамтран ажиллах, харилцаагаа хөгжүүлэх асуудал чухал байрыг эзлэх юм.
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон. Харин энэ байгууллагад элсэх боломжтой юу?
- Монгол Улс ШХАБ-ын дэргэдэх ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтуудад оролцдог. ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд ч бид оролцдог юм. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн тал дээр ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой.
Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтрах хамтын ажиллагааг тогтоох сувгуудын нэг гэж хардаг. ШХАБ-ын оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, статусаа нэмэгдүүлэх санал тавьдаг юм. Бид ШХАБ-ын үндсэн баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээн дэх бусад үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байгаа. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, улмаар энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх үү?
-Манай орны үндэсний аюулгүй байдлын концепцид бусад орнуудын зүгээс манай аюулгүй байдалд шууд аюул заналхийлэхгүй бол аливаа цэрэг, улс төрийн байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг.
Тиймээс бид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага зэрэг цэрэг, улс төрийн байгууллагад элсэх шаардлагагүй.
Нөгөө талаас, цэрэг техникийн салбарт бид чухамхүү ОХУ-тай нягт хамтран ажилладаг. Хоёр орны хооронд гүн гүнзгий хамтын ажиллагаа бий. Оросын цэргийн их дээд сургуулиудад цэргийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, манай улс руу Орос цэргийн техник нийлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Ялалтын парадад оролцдог юм.
Манай улс Орос, Хятадын дунд оршдог, ийм байрлал нь далайд гарцгүй, гуравдагч хөрш рүүгээ хүрэхэд Орос, Хятадын өргөн уудам нутгийг дамжин туулах болдог зэрэг хүндрэлүүд бий. Гэхдээ нөгөө талаас маш том давуу тал бий, бид аюулгүй байдалд байгаагаа мэдэрдэг. Монгол Улс худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцох сонирхолтой бөгөөд энэ нь манай ашиг сонирхолд илүүтэй нийцэх юм.
-Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах төсөл ямар шатанд явж байгаа вэ? Оросоос эрчим хүч авсны хариуд Монголь Улс усан цахилгаан станцын төслөөсөө татгалзахад бэлэн үү?
-Та тун чухал асуулт тавьлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан цахилгаан станц байгуулах төсөл Оросын шаардлагаар зогссон. Энэ асуудлаарх манай орны байр суурийг онцлоё. Нэгдүгээрт, энэ станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөөгүй. Харин Шүрэн болон Эгийн гол гэсэн Сэлэнгэ голоос эх авдаг голууд дээр байгуулахаар төлөвлөсөн. Монголын нутгаар урсан өнгөрдөг Сэлэнгэ гол Байгал нуурын цутгалын ердөө 18 хувийг л эзэлдэг.
Өөрөөр хэлбэл, Байгал нуурын цутгалын 80 гаруй хувь нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээр байдаг. Нөгөө талаас, усан цахилгаан станц барьснаар гол татарна гэсэн үг биш. Гол урссаар л байна, хаашаа ч алга болохгүй. Мөн усан цахилгаан станцаас болж Байгал нуурын ус татарна гэдэг нь ихээхэн маргаантай асуудал.
Хоёрдугаарт, Зөвлөлтийн гидрологчид судалгаа явуулаад чухамхүү Эгийн гол болон Шүрэн дээр усан цахилгаан станц байгуулахыг зөвлөж байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Бид Зөвлөлийн гидрологчдын дүгнэлт дээр тулгуурласан. Тиймээс бид энэ төслийг эхлэхэд ОХУ-ын талаас гаргасан байр суурь ихээхэн ойлгомжгүй байлаа.
Гуравдугаарт, усан цахилгаан станц байгуулж, ашиглах нь Байгал нуурыг бохирдуулна гэсэн яриа гарсан. Гэхдээ чухамхүү ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс л энэ нуурыг бохирдуулж байгаа нь нууц биш. Нуурын цутгалангуудын нутаг дэвсгэрүүд дээр маш их аж үйлдвэрийн объект барьсан, нуурыг тойроод олон тооны аялал жуулчлалын газрууд байдаг. Тиймээс маргаантай асуудлууд их бий.
Дөрөвдүгээрт, "Шүрэнгийн УЦС" төслийг боловсруулж эхлэхийн өмнө Байгал нуурын усны төвшин болон нуурын био олон янз байдалд нөлөөлөх үнэлгээний судалгааг Францын компани хийсэн юм. Судалгаганы үр дүн ихээхэн эерэг. Өөрөөр хэлбэл, нууранд нөлөөлөх үзүүлэлт өчүүхэн, бараг тэгтэй тэнцүү. Гэвч Оросын тал үүнийг анхааралдаа аваагүй. Орос улс энэ асуудлыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлснээр энэ төсөл зогссон юм.
Ингээд манай төсөл зогсож, үүний хариуд Оросын тал цахилгаан эрчим хүч худалдаж авах санал тавьсан. Гэхдээ манайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцуудаа шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна. Шинээр цахилгаан станц барихаар ч төлөвлөгдсөн. Нарны зай, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь нэмэгдэж байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой асуудал зарчмын хувьд байхгүй.
Манайд цахилгаан эрчим хүчний хомсдолын тухай асуудал биш харин тохируулагч хүчин чадал, тохируулагч станцууд шаардлагатай гэсэн асуудал л тулгарч байгаа юм.
Шөнийн цагаар, эрчим хүчний хэрэглээ унах үед манайх ОХУ руу цахилгаан эрчим хүчийг маш бага тарифаар эргүүлэн нийлүүлж, харин дутагдалтай үед Оросын талаас зах зээлийн ханшаар худалдан авдаг.
Шөнийн цагаар гарах илүүдэл, дутагдалтай үед Оросоос импортоор авдаг байдал нь манай орны төсөвт хүнд дарамт болдог юм.
-УЦС-ыг барих ажил царцаагдаж, энэ ажил сэргэх болов уу?
-Бид Оросын талтай УЦС-ыг барих талаар олон жил хэлэлцэж байгаа. Бид харилцан ашигтай шийдэл олно гэж найдаж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ