АНУ буурай орнуудад 80 сая тун вакцин өгнө
2021-06-02

Коронавирусийн цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнууд дархлаажуулалтыг эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ядуу буурай орнууд вакцин худалдан авч чадахгүй, халдварын тархалтаа хумиж чадахгүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор чинээлэг орнууд вакцин худалдаж авч чадахгүй байгаа орнуудад коронавирусээс сэргийлэх вакцин хандивлаж байгаа юм.

 

Эдгээр орнуудын нэг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "бусад орон аюулгүй байдалд шилжихгүй бол АНУ ч аюулгүй байж чадахгүй учир вакцинаа хуваалцана" гэж мэдэгдэж байлаа. 

 

Энэ амлалтдаа хүрч, ойрын хоёр долоо хоногийн хугацаанд АНУ 80 сая тун вакциныг хэрхэн хуваарилах талаараа зарлана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Түүний өгүүлснээр, АНУ вакциныг улс төртэй холбохгүйгээр, шударга хуваарилахад анхаарах гэнэ. 

 

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа бусад орнуудад Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсон вакцины 20 сая тун, түүнчлэн АстраЗенека вакцины 60 сая тунг нийлүүлнэ гэж онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин