Одонгоо гардсан ээжүүдийн талархлын үг
2021-06-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 649 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.

 

Нийслэлийн Баянгол дүүргээс нийтдээ 649 ээжид “Эхийн алдар” одонг, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 625 ээжид хүртээжээ. Иймд “Эхийн алдар” одон гардаж авсан ээжүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

 Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Н.Дэлгэрмаа:

 

-Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” хоёрдугаар одонгоо авсандаа баяртай байна. Ерөнхийлөгчөөс одон гардаж авна гэдэг баярт мэдээг тавдугаар сарын 23-нд сонссон. Маш их баярласан. Нөхөртэйгээ ханилаад 15 жил болжээ. Энэ хугацаанд нэг охин, дөрвөн хүүгийн аав ээж болсон байна. Миний одонгийн хүүхдийг Даваажаргал гэдэг. Алдарт эхийн одон авсан бүх сайхан ээжүүддээ бүгдэд нь баяр хүргэе.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Баянгол дүүргийн иргэн Ж.Цогзолмаа:

 

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Өнөөдөр “Эхийн алдар” хоёрдугаар одон авлаа. Ханьтайгаа ханилаад 14 жил болсон байна Хамгийн том хүүхэд маань 12 настай. Цар тахлын энэ үед хүүхдүүдээ хараад гэртээ байна. Хүүхдүүд маань эрүүл саруул өсөж байгаад баяртай байна. Бүх хүнд баярлалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Баянгол дүүргийн иргэн Г. Сувд-Эрдэнэ:

 

-Хорооноос залгаж, ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардаж авах болсныг дуулгасан. Энэ сайхан өдөр төрийн тэргүүнээсээ одонгоо гардаж авч байгаадаа баяртай байна. Маш их догдолж, сандарсан. Ханьтайгаа ханилаад 15 жил болжээ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд маань 12 настай. Энэ дашрамд, ээж, аав болон гэр бүлийнхэндээ маш баярлалаа. Хайртай шүү. Мөн дөрвөн хүүхдэдээ эрүүл саруул ээж аавдаа ирсэнд баярлалаа гэж хэлье. Амьдралд минь тохиосон дурсамжтай өдрүүдийн нэг байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Баянгол дүүргийн иргэн Д.Уранцэцэг:

 

-Маш их баяртай байна. Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардаж авахаа долоо хоногийн өмнө мэдсэн. Төрийн тусгай хамгаалалтын газар 13 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн тэргүүнээсээ одонгоо гардаж авахад маш сайхан байсан. Үгээр илэрхийлж чадахгүй байна. Хайртай ханьдаа, ээж аавдаа маш их баярлалаа.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин