АНУ: Вакцинд хамрагдсан хүмүүст шар айраг, цалинтай амралт өгнө
2021-06-03

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены вакцинжуулалттай холбоотой төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Цагаан ордон иргэдийг дэмжих шинэ систем бодож олсон талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Өмнө нь тус улсын хэд хэдэн муж вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд өндөр хонжвортой сугалаа явуулж эхлэх талаараа зарлаж байлаа. Харин энэ удаад улс орон даяар дэмжлэг, урамшууллын арга нэмэгдэж, вакцин тариулсан хүмүүст олон зүйл амлаж байгаагийн дотор мөнгөн шагнал, шар айраг, спортын уралдаан тэмцээний тасалбар, улсаас зардлыг нь даах амралтын эрх зэрэг урамшууллуудыг олгохоор бэлтгэж байгаа гэнэ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын дөрөвний өдөр тохиох Тусгаар тогтнолын өдөр гэхэд тус улсын насанд хүрсэн хүн амын 70 хувийг вакцинд хамруулахаа амалсан юм. Иргэдийг вакцинд идэвхтэй хамруулах кампанит ажлыг дэмжин Uber болон Lyft  компаниуд иргэдийг дархлаажуулалтын цэгүүд рүү үнэ төлбөргүй тээвэрлэхийг санал болгосон байна. Энэ санаачилгыг Цагаан ордон дэмжин, хамтран ажиллах болсноор америкчууд долдугаар сарын дөрөвний өдрийг хүртэл вакцинжуулалтын цэг хүрэх болон гэртээ буцах таксиг үнэ төлбөргүй захиалах боломжтой болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин