Хонконгийн оршин суугч тус бүр 645 ам.долларын эрх бүхий тасалбар авна
2021-06-08

Дэлхий дахин цар тахалтай тэмцэж, эдийн засгаа сэргээхээр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр орнуудын нэг нь Хонконг бөгөөд Хятадын тусгай захиргааны бүс болох энэ хот хэрэглээг дэмжих зорилгоор оршин суугчдадаа цахим тасалбар тараахаар болжээ. 

 

Тодруулбал, Хонконгийн эрх баригчид долдугаар сараас эхлэн хэрэглээг дэмжих зорилгоор оршин суугчдадаа 5000 хонконг доллар буюу 645 ам.доллартай (shuud.mn: монгол мөнгөөр 1,6 сая төгрөг) тэнцэх мөнгөн дүн бүхий цахим тасалбар тараахаар болсон талаар Хонконгийн санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Пол Чан мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх сүүлийн шатандаа явж байна. Одоо бид бүртгэх, тасалбар хуваарилах явц алдаагүй явна гэдэгт итгэлтэй байхын тулд төлбөрийн системийн дөрвөн оператортой хамт системийн тест хийж байна" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Тасалбарыг 18-аас дээш насны, Хонконгийн байнгын оршин суугчид авах юм байна. Эдийн засаг уналттай нөхцөлд дотоодын хэрэглээг дэмжих үүднээс энэ шийдвэрийг хоёрдугаар сард гаргажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хонконгийн төсвөөс 36 тэрбум хонконг доллар буюу 4,64 тэрбум ам.доллар гаргах аж. 

 

Пол Чаны өгүүлснээр, зургадугаар сарын хоёрдугаар хагаст хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд долдугаар сараас эхлэн тасалбар хүртэх иргэдийн бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин