БНАСАУ-д К-рор-ийг хориглож, зөвшөөрөгдсөн үсний засалтын жагсаалтыг гаргажээ
2021-06-08

БНАСАУ-ын эрх баригчид энгийн ард түмнийхээ амьдралыг зохицуулах нь улам бүр нэмэгдэж, сонсох хөгжим, үсээ засуулах хэлбэрийг ч дүрэм  журмаар хянах байдал улам чангарсан талаар ВВС мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, барууны амьдралын хэв маяг болсон амьдралын хэсгүүд, тэр дундаа хувцас хэрэглэлийг хориглох шинэ хууль баталсан байна.

 

Ингэснээр уранхай болон бариу жийнс өмсөх, үсээ тод өнгөөр будах, пирсингтэй байхыг хоригложээ. Энэ нь К-РОР стильтэй холбоотой гэдэг нь илт харагдах бөгөөд хөрш Өмнөд Солонгост нь алдаршиж, улмаар дэлхий даяар нэртэй болсон энэ урсгалын хамтлагууд тод өнгөтэй үс, пирсингтэй байдаг тул Хойд Солонгост үүнийг даган дуурайхаас сэргийлж ийнхүү хориглосон байна.

 

Түүнчлэн эрх баригчдын баталсан 15 үсний засалтаас бусад засалтыг "социалист бус" хэмээн нэрлээд "зөв үс засалтын жагсаалт"-ыг баталжээ. 

 

Шинэ хуулиар, Өмнөд Солонгосын кино, цуврал, түүнчлэн сэтгүүлүүдийг түгээсэн хүмүүст нэн хатуу шийтгэл оноох гэнэ. Ийм "гэмт хэрэг" үйлдсэний төлөө цаазаар авахуулах ял авч болзошгүйн дээр харийн үзэл сурталжсан кино бүтээлийг үзсэн бол 15 жил хоригдох ялаар шийтгүүлэх аж. 

 

Шинэ хоригууд чухам хэзээнээс үйлчилж эхэлсэн нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжууд шинэ журам өнгөрсөн оны сүүлээр мөрдөгдсөн гэх бол нөгөө хэсэг нь тавдугаар сард үйлчилж эхэлсэн хэмээн дамжуулжээ. Мөн шинэ хоригийн талаарх мэдээлэл нь Хойд Солонгостой холбоотой байнга л гардаг ээлжит нэгэн худал мэдээллийн нэг байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, Хойд Солонгосын төрийн хэвлэл болох "Нодон синмун" сонинд шинэ хууль батлагдсан талаарх ямар ч мэдээлэл гараагүй байна. 

 

Барууны хэвлэлүүд БНАСАУ-ыг "солиотой хууль" гаргасан, зэрлэгээр цаазалсан гэх хэргүүдэд буруутган, ташаа мэдээлэл гаргах нь элбэг. Тухайлбал, 2012 онд БНАСАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Ким Чолийг төрийг үндэслэгч Ким Чен Ирийн оршуулга дээр бусдын адил гашуудаагүйнх нь төлөө Ким Жон Уны тушаалаар их буугаар буудаж хөнөөсөн гэж мэдээлж байлаа. Энэ мэдээлэл ташаа байсан бөгөөд Ким Чоль 2018 онд нас барсан юм. 

 

Үүний дараа, Хойд Солонгосын алдарт дуучин Хён Сон Волийг эротик кинонд тоглосных нь төлөө хөгжимчдийн хамт пулеметоор буудан хөнөөсөн гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэтэл энэ мэдээллийн дараа дуучин телевизээр дамжуулсан тоглолтон дээр дуулж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ШОРОН УЛС:
УЛСААРАА ШОРОНЖСОН АМЬДРАЛ ХОЙД СОЛОНГОС ТАМЫН УЛС ТЭДНИЙ НҮД НЭЭГДВЭЛ ЦҮДГЭР БАНДИЙГ ХҮҮ ТАТАХ НЬ ГАРЦААГҮЙ
2021-06-08