Аун Сан Су Жиг 600 мянган долларын хахууль авсанд буруутгажээ
2021-06-10

Энэ оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийж, тус улсын Ерөнхийлөгч болон төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчлан, гэрийн хорионд оруулж байлаа. Улмаар тэдний эсрэг хэрэг үүсгэн, ял оноохоор төлөвлөж байгаа юм. 

 

"Мьянмарын ардчиллын нүүр царай" гэгддэг Аун Сан Су Жиг өмнө нь богино долгионы станц хууль бусаар оруулж ирсэн гэж буруутгаж байсан бол энэ удаад албан тушаалаа хашиж байхдаа 600 мянган ам.долларын хахууль авсан хэмээн буруутгажээ. Энэ талаар тус улсын төрийн хэвлэл болох Global New Light Of Myanmar мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Аун Сан Су Жи Янгоны сайдаар ажиллаж байсан хүнээс 600 мянган ам.долларын хахууль авсныг Мьянмарын авлигатай тэмцэх комисс тогтоосон гэнэ. Дараа нь Аун Сан Су жи тус мужид газар түрээслэн, өөрийнхөө тэргүүлдэг нэгэн сангийн төв байрыг нээхээр барилга барьсан аж. Түүнчлэн маш бага үнээр өөр газруудыг ч түрээслэж авсан бөгөөд энэ зөрчлийн улмаас улсад 11,52 сая долларын хохирол учирсан гэж комисс үзжээ.

 

Газар түрээслэх үйл ажиллагааг тогтсон журмын дагуу биш харин Аун Сан Су Жи эрх мэдлээ ашиглан гүйцэтгэсэн гэнэ. Тиймээс түүнийг авлигатай тэмцэх хуулийн дагуу авлигын хэрэгт буруутгажээ.

 

Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сард цэргийнхэн төрийн эрхэнд гарснаас хойш Аун Сан Су Жи гэрийн хорионд байгаа юм. Түүнийг авлигын хэргээс гадна бослого үймээнд турхирсан, импорт, экспортын тухай хууль, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах хууль болон төрийн нууцыг хадгалах хуулийг тус тус зөрчсөн  хэмээн буруутгаж байгаа. Тавдугаар сарын 20-ны өдөр Мьянмарын Дээд шүүх төрийн нууцтай холбоотой хэргийг хүлээн авсан бөгөөд энэ хэргээр Аун Сан Су Жи 14 жилийн хорих ял авч болзошгүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин