Литвад цагаачдын хуаран байгуулж байна
2021-06-10

Литва улс руу Беларусийн нутаг дэвсгэрээс ирэх хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж, хүмүүсийг байрлуулах газрын асуудалтай нүүр тулгарсан Литва улсын эрх баригчид Пабраде хотод хууль бус  цагаачдад зориулсан анхны майхант хотхон байгуулж эхэлжээ. Энэ талаар төвийн дарга Александрас Кисловас мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

 

"Майхант хотхоныг байгуулахаар төлөвлөж буй газарт армийнхны туслалцаатайгаар талбайг бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Хуаранд 350 хүнийг байрлуулах боломжтой болно" хэмээн Кисловас өгүүлжээ.

 

Литва улсын Гадаадын иргэдийг бүртгэх төв өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш дүүрсэн бөгөөд энэ төвд 240 хүртэлх хүн л хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Энд хууль бусаар Литва улсын хил нэвтэрсэн, орогнол хүссэн этгээдүүдийг зохих шийдвэр гартал түр байрлуулдаг аж.

 

Он гарснаас хойш Литва улс руу Беларусийн хилээр орж ирэх хууль бус цагаачдын тоо эрс өссөн байна. Ихэвчлэн Азийн орнуудаас цагаачид ирж байгаа бөгөөд долоо хоногт л олон арван хүн ирэх болжээ. Тухайлбал зургадугаар сарын дөрөвний өдөр гэхэд л 52 хууль бус цагаач нэвтэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин