COVID-19: Амазон ажилтнуудаа долоо хоногт хоёр өдөр гэрээсээ ажиллахыг зөвшөөрөв
2021-06-11

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 175 сая гаруй хүн халдвар авч, өвчний хүндрэлийн улмаас 3,8 сая хүн нас баржээ. Харин энэ хугацаанд 158 сая гаруй хүн эдгэрсэн байна. Зургадугаар сарын 11-ний баасан гарагийн байдлаар, дэлхий дахинд өрнөж буй, коронавирустэй холбоотой үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

Украин, Унгар улс дархлаажуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөв 

 

Украин болон Унгар улс коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөхөөр тохиролцжээ. Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Твиттер хуудсандаа мэдэгдсэн байна. Түүний онцолсноор, вакцины гэрчилгээг харилцан зөвшөөрсөн, Европын холбооны анхны улс нь Унгар улс болсон гэнэ.

 

Ийнхүү харилцан тохиролцсоноор, Украины иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан гэрчилгээ авсан бол  зургадугаар сарын 11-ний өдрөөс  эхлэн аялах боломжтой болсон байна. Испани улс зургадугаар сарын долооны өдрөөс эхлэн, дархлаажуулалтад хамрагдсан жуулчдад үүд хаалгаа нээсэн бол Франц улс Европын холбоонд бүртгэгдсэн вакцин тариулсан Украины жуулчдыг хүлээн авахад бэлэн гэдгээ зургадугаар сарын есний өдөр зарлаж байв. 

 

Германы Бундестаг хөл хориог цуцлахыг уриалав

Германы Бундестагийн орлогч дарга, Чөлөөт ардчилсан намын төлөөлөгч Вольфганг Кубики хөл хорионы хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөтэй холбоотой байр сууриа аль болох түргэн хугацаанд тодорхой болгохыг Холбооны засгийн газарт хандан уриалжээ. 

 

"Вирус судлаачид, эмч нарын хувьд ухаалаг алхам шиг санагдах хязгаарлалтын арга хэмжээнүүд цааш үргэлжлэх хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Бид амьдралын хэвийн нөхцөлдөө эргэн орж болох замыг аль болох хурдан заахыг би уриалж байна" хэмээн Кубики мэдэгдсэнийг DW дамжуулжээ. 

 

Amazon цар тахлын дараа ч гэрээс ажиллах хуваарийг дэмжинэ

Амазон компани цар тахлын дараа ч ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломжийг хэвээр үлдээх гэнэ. Тодруулбал, Амазоны ажилтнуудад ажлын долоо хоногийн хоёр өдөр гэрээсээ ажиллах боломжийг олгохоор болсон байна. Офис дээр гагцхүү сүлжээний ажилтнууд л өдөр бүр ирж ажиллах гэнэ. Өмнө нь Apple болон Google компаниуд ажлын ийм холимог хуваарийг нэвтрүүлэхээр болсон талаар зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин