Гуанжоуд хөл хорио зөрчигчдийг дроноор хянана
2021-06-14

Хятадад коронавирусийн дотоодын халдвар гарах нь тун бага, хяналтыг ч маш сайн тавьж байгаа ч Гуанжоу хотод анх Энэтхэгт илэрч байсан дельта хувилбарын дэгдэлт гарчээ. 

 

Улмаар иргэдийг гэрээс нь гаргалгүй, гудамжинд амны хаалтгүй яваа хүмүүсийг илрүүлэхийн тулд Гуанжоу хотод 60 дроноос бүтсэн агаарын флотыг ажиллуулж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр энэ хотод 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол зургаагаар нэмэгдсэнээр сүүлийн 10 өдөрт бүртгэгдсэн тохиолдол 100 давжээ. Тиймээс халдварын дэгдэлтийг тогтоон барихын тулд цагдаагийнхан дрон нисгэж, хүмүүс гэртээ байх эсвэл амны хаалт зүүсэн үедээ л халдвараас хамгаалагдана гэдгийг анхааруулж байгаа гэнэ.

 

Гуанжоу хотод цар тахлын хяналтыг тавих үүднээс хотын захиргаа өргөн цар хүрээтэй цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, хотын оршин суугчдын эрүүл мэндийн байдлыг гар утсаар хянах, биеийн халууныг шалгах, халдварын эрсдэл өндөртэй дүүргүүдэд амьдарч эсвэл аялж байгаа хүмүүс зайлшгүй хөл хорионд байх дэглэмийг мөрдүүлэх зэргээр хяналтыг чангатгаж байгаа аж. 

 

Гуанжоу хотын эрх баригчид халдварын голомт илэрсэн хэд хэдэн дүүргийн оршин суугчдыг тусгаарлан, оршин суугчдыг хотоос болон дагуул хотуудаас гарахыг хязгаарлан, кино театр болон бусад чөлөөт цаг өнгөрүүлэх газруудыг хаажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин