Путин: Бид хэн нэгнийг хөнөөдөггүй
2021-06-15 08:03

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахын өмнө Америкийн NBC телевиз Путинээс ярилцлага авчээ. Энэ ярилцлагынхаа хэсгийг NBC телевиз дамжуулсан байна. Ярилцлагын үеэр Алексей Навальный хорих ангиас амьд гарна гэж тэрбээр баталж чадах эсэх тухай асуулт болон Орос улс АНУ-ын эсрэг цахим дайн өдөөж байгаа эсэхэд хариулт өгчээ.

 

NBC телевизийн сэтгүүлч Кир Симмонс Орост сөрөг хүчнийхнийг мөрдөж мөшгөдөг талаар асууж, тэр дундаа Алексей Навальныйтай холбоотой байгууллагыг "эсктремист байгууллага" гэж хүлээн зөвшөөрснийг сануулж "Навальный шоронгоос амьд гарна гэдгийг та баталж чадах уу?" хэмээн шууд асуужээ.

 

Үүний хариуд Путин Навальныйд бусад хоригдлуудад ханддаг шиг л хандаж байгаа хэмээн мэдэгджээ.

 

"Бусадтай адил арга хэмжээг л түүнд авч байгаа. Шоронд байгаа бусад хүмүүсээс огт дор биш" хэмээн Путин хариулсан байна.

 

Симмонс түүнчлэн Навальныйн амь насанд халдах ажиллагааг зохион байгуулах тушаал өгсөн эсэхийг Оросын Ерөнхийлөгчөөс асуужээ.

 

Путин үүнд "Бид хэн нэгнийг хөнөөдөггүй" хэмээн хариулсан байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сард Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный онгоцоор зорчиж яваад гэнэт бие нь муудаж, улмаар Омск хотноо онгоц газардан түүнийг эмнэлэгт хүргэсний дараа комд орсон бөгөөд түүнийг Герман руу зөөвөрлөн эмчилсэн юм. Германы цэргийн шинжээчид Навальныйг "Новичок" гэх хороор хордуулсан гэж үзсэн. Навальный энэ оны нэгдүгээр сард Орост эргэн ирснийхээ дараа саатуулагдаж, улмаар одоо хорих ангид хоригдож байгаа бөгөөд түүнийг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж үзэн ийнхүү хорих шийдвэр гаргасан юм. Барууны орнууд Навальныйг эрх баригчид хөнөөхөөр хор хэрэглэсэн байж болзошгүй гэж үздэг. 

 

"АНУ-ын эсрэг цахим дайн"

 

Сүүлийн үед Америкийн объектуудыг чиглэсэн хакерын халдлагууд нэмэгдсэн бөгөөд үүнд АНУ ОХУ-ын тусгай албадыг сэжиглэж байгаа юм. Эдгээр халдлагууд болон сүүлийн жилүүдэд хоёр орны харилцааны талаарх яриа гарах болгонд хөндөгддөг сэдэв болох Москва Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон эсэх талаар Симмонс Путинээс асуужээ. 

 

"Ноён Ерөнхийлөгч өө, танайх Америкийн эсрэг цахим дайн өрнүүлж байгаа юу?" хэмээн NBC телевиийн сэтгүүлч Симмонс асуужээ.

 

Оросыг цахим халдлагад буруутгаж байгааг Владимир Путин нотлох баримтгүй хэмээн нэрлэжээ. "Сонгуульд хөндлөнгөөс оролцсонд буруутгаж байгаа нь жүжиг болон хувирч байна. Ингэж буруутгадаг ч нэг ч удаа ямар нэг нотлох баримт гаргаж ирж чадаагүй. Ердөө л дэмий хоосон буруутгал" хэмээн Владимир Путин мэдэгджээ.

 

Путинтэй ярилцах үеэрээ сэтгүүлч АНУ, Оросын хооронд хоригдол солилцох боломж, Орост урт хугацааны хорих ял авсан Америкийн иргэд болох Пол Уилан болон Тревор Рид нарын асуудлын талаар асуусан байна.

 

Орос улс ийм хувилбарыг авч хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, "Хоригдож буй АНУ-ын иргэд байга гэдгийг би мэднэ. Гэхдээ Америкийн шоронгуудад байгаа оросуудын тоотой харьцуулашгүй" хэмээн Путин хариулжээ.

 

Энэ ярилцлагын хэсгийг NBC нийтлэхээсээ өмнө өөр нэг хэсгийг олны хүртээл болгосон бөгөөд энэ хэсэгт Симмонс Путинээс түүнийг "алуурчин эсэх"-ийг асуусан байна. Оросын Ерөнхийлөгч Путин энэ асуултад шууд хариулахаас зайлсхийж, "өөр рүү нь чиглэх дайралтуудад дассан" хэмээн хариулжээ.

 

Эргэн сануулахад, энэ оны гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АВС телевизэд ярилцлага өгөх үеэрээ Владимир Путинийг "алуурчин" гэж үздэг эсэх талаар асуухад зөвшөөрсөн хариулт өгсөн нь ихээхэн шуугиан тарьж байлаа.  АВС агентлагийн сэтгүүлч Жорж Стефанопулос ноён Байденаас Владимир Путинийг алуурчин гэж боддог эсэх талаар асуужээ. Үүнд Байден "Мм, тийм" хэмээн хариулж байв.

 

Энэ ярилцлагаас үүдсэн шуугиан намжаагүй байхад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс сэтгүүлчид Байдены үгтэй холбоотойгоор байр суурийг нь сонирхсон юм. 

 

"Би юу гэж хариулах вэ дээ?! Эрүүл байгаарай гэж л хэлэх байсан. Би түүнд эрүүл энхийг хүсч байна" гэж Путин хариулж байлаа. 

Түүнчлэн Путин "индиан омгуудыг үй олноор хөнөөсөн", АНУ-ын түүхэн дэх "боолчлолын харгис үе" болон Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтийн талаар эргэн сануулж "Хүн өөрөө ямар байна тэгэж л бусдыг нэрлэдэг" хэмээн нэмж өгүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Пошёл ты на хуй гэж мэдэх үү
2021-06-15
путин убийца вор
2021-06-15
Зочин:
Пошёл ты на хуй гэж мэдэх үү