COVID-19: Данийн эмч нар ажил хаяж, Израиль амны хаалтгүй явахыг зөвшөөрөв
2021-06-15

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 177 сая орчим хүн халдвар авч, 3.8 сая гаруй өвчтөн халдварын хүндрэлийн улмаас амиа алджээ.

 

Израиль амны хаалт зүүх журмыг цуцаллаа 

 

Израиль улс олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх журмыг зургадугаар сарын 15-ны өдрөөс цуцалж байна. Энэ журам коронавирусийн цар тахалтай холбоотойгоор тус улсад хэрэгжиж байсан хамгийн сүүлийн хязгаарлалтуудын нэг юм. Хэдийгээр дотооддоо ийнхүү хязгаарлалтуудыг бүрэн цуцалсан ч Израиль жуулчдад хаалттай хэвээр байна. Энэ улс руу гагцхүү гэр бүл эсвэл ажлын шаардлагаар л нэвтэрч болох юм. 

 

Германы улс төрчид амны хаалт зүүх журмыг цуцлахыг эсэргүүцэв 

 

Германы эрх баригч Христийн ардчилсан холбооны төлөөлөгчид тус улсад амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцлахын эсрэг байгаагаа илэрхийлжээ.

 

"Коронавирусийн аюул арилаагүй, илүү халдварлах чадвартай мутациуд гарсаар байна" хэмээн бундестаг дахь Христийн ардчилсан холбооны фракцын дарга Штефан Штраке Die Welt агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Тэрбээр сонор сэрэмжтэй байхыг уриалаад, амны хаалт болох вакцины тусламжтайгаар коронавирусийн гурав дахь давалгаанаас сэргийлж чадсан гэж онцолсон байна.

 

Эмнести Интернешнл байгууллага Балбад туслахыг уриаллаа

 

Цар тахлын улмаас улам дордсон Балбын эрүүл мэндийн салбар дахь нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгаагаа олон улсын хүний эрхийн Эмнести интернешнл байгууллага илэрхийлжээ.

 

Балбын эрүүл мэндийн салбар сүйрлийн ирмэг дээр байгаа бөгөөд эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрч, нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмжийн хомсдолд орсон байна. Тиймээс хүчилтөрөгчийн баллон, уушгины хиймэл амьсгалын аппарат, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин зэргийг хүмүүнлэгийн тусламж болгон Балбад өгөхийг Эмнести интернешнл олон улсад хандан уриалжээ. 

 

Балбад 28.6 сая хүн амьдардаг бөгөөд сүүлийн хоногт коронавирусийн халдварын тохиолдол 2049-өөр нэмэгдэж, нийт 610 521 болсон байна. Халдварын хүндрэлийн улмаас өнгөрсөн хоногт 53 хүн нас барснаар нийт нас баралт 8465 болжээ. 

 

Данийн эмнэлгийн ажилтнууд ажил хаяна 

 

Энэ сарын 19-ний өдрөөс эхлэн Данид эмнэлгийн ажилтнууд ажил хаяхаар болсон талаар DW мэдээлжээ. Тус улсын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний хорооныхон төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хийсэн тохиролцоог үл хайхран ажил хаялт зарлахаар болсон байна.

 

Эмнэлгийн ажилтнуудын цалин бага, улмаар цар тахал дэгдсэнээс болж ачаалал эрс нэмэгдсэн ч асуудлыг шийдэхгүй байгаа гэж үзсэн тэд ийнхүү сануулга өгөхөөр болжээ. Ажил хаялт хэр хугацаанд үргэлжлэх талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин