Н.Алтанхуяг: Цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна
2021-06-15

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-ХЭҮК цар тахлын үед УОК-ын шийдвэр гаргах ажилд оролцож байгаа юу. Ямар зөвлөмж шаардлага өгсөн бэ. Энэ хугацаанд гарсан хүндрэлүүд байсан уу. Засгийн газар цар тахлын үед хүний эрхийг зөрчиж байгаа, эсэх, хууль бусаар хязгаарлаж байгаа дээр хяналт тавьсан уу. Ковидын хуулийн үйлчлэл долдугаар сард дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр ХЭҮК ямар байр суурьтай байгаа. Миний хувьд хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр эргэлзэж байгаа. Энэ хуулиар дамжуулж хүний үндсэн эрхийг хязгаарлах боломжийг олгохгүй байх үүднээс би энэ хуулийг сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа.

 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:

 

-ХЭҮК-ын хоёр гишүүн тусгайлан УОК-той хамтарч ажиллах, ковид-19 цар тахалтай холбоотой мэдээлэл, өргөдөл гомдлыг хариуцан ажиллаж байгаа. ХЭҮК-ийн гишүүд дэмжих, зөвлөх байдлаар ажиллаж байсан. Засгийн газар солигдсоноос хойш УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон. Удаа дараа хүсэлт тавьсан ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Хязгаарлалт цаашдаа хийгдэх тохиолдолд хууль нь байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

- Зарим нэг гишүүн нь өөр ажилд шилжих гээд өргөдөл өгсөн сураг байсан. Тийм зүйл байгаа юу. Монголд хүний эрхийг дээдэлдэг болоогүй байхад 360 хуудастай мянган ширхэг ном тараадаг ажлыг болих хэрэгтэй. Танхимд сууж хууль дүрэм ярьсан хүмүүсийн цуглуулга боллоо. Ордон тойроод гишүүд лоббидож цаас үйлдвэрлэснээр хүний эрх хангагдахгүй.

 

"Энхсаран сувилал"-д тусгаарлагдахдаа тэнд нүүрлэсэн асуудлыг илчилсэн залууг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Монголд үнэнийг хэлсний төлөө ийм шийтгэл хүлээдэг байж болохгүй. Цар тахал гэж хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хааж боодог боллоо. 1990 онд ил тод байдал гэж эхэлсэн. Гэтэл одоо ил тод биш харин ч улам хаалттай болгож байна. Тэр дундаа эрх баригчид, төрийн албан хаагчид, цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Анх та бүхнийг сонгогдож байхад би ном уншихаас илүү амьдрал мэддэг зоригтой хүний хийх ажил шүү гэж хэлж байсан. Ном хэвлэснээр хүний эрх хамгаалагддаг болохгүй.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Усанд сэлэх тухай 1000 н ном уншаад усруу ороод л живнэ. Хууль , бодлого тогтоох чадвар усанд сэлэх чалвартай адил юм шүү!
2021-06-15