Амьд үлдэхийн төлөөх тэмцэл
2021-06-16

 

Сүүлийн хэд хоног эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр сануулдаг өнөөх шинж тэмдэг илрэв. Сэтгэл, сэжиг хоёр илэрч буй шинж тэмдгүүдэд  хүч өгөөд ч байх шиг. Уг нь улирлын томуугийн үед ч ийм шинж тэмдэг илэрдэг гэдгийг хэн хүнээс илүү мэднэ. Гэхдээ л ёстой нөгөө “цагийн байдал ороо бусгаа” болсон энэ цагт сэрэмж  илүүдэхгүй. Буруу үг сонгов. Сэрэмж илүүдэхгүй биш онцгой түгшүүр, айдас дунд амьдраад жил гаруйгийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөц хошигновол масктай нүүр, бээлийтэй гартаа дасаж, гар ариутгагчаараа үнэртэй ус хийж буй.

 

Зөвлөмжийн дагуу шинжилгээ өгөхөөр өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн шуурхай штаб  зэрэг мэргэжлийн  байгууллагууд руу шат дараатай утас цохив. Гэхдээ  хүссэн хариулт, шаардлагатай үйлчилгээгээ авч чадсангүй.

 

Эргэлзээтэй, үнэтэй түргэвчилсэн тест

 

Дүүргүүдэд ПСР шинжилгээ авахаа больсон. Харин түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цагийг урьдчилж захиалах бөгөөд байнгын болон явуулын цэгүүд 09.00-12.00 цагийн хороонд ажиллана.

 

 Халдварын шинж тэмдэг илэрч байгаа бол өрхийн эмнэлэгтээ хандана. Хэрэв ойрын хавьтал болсон тохиолдолд мэдээллээ өрхийн эмнэлэгтээ бүртгүүлнэ. Ингээд тухайн хүн биеийн байдлаа ажиглах бөгөөд долоо хоногийн дараа шинжилгээ өгөх боломжтой. Алдаатай зохицуулалт. Ойрын хавьтал болсон хүн хамгийн эрсдэлтэй. Хэрэв халдварт өртсөн бол өөрийгөө ажиглах долоо хоногийн хугацаанд хамт амьдарч, ажиллаж буй бүх хүнд тараана. Муугаар бодвол, шинж тэмдгээ ажиглаж буй долоо хоногийн хугацаанд биеийн байдал хүндэрч, тэнгэр өөд одох ч магадлалтай.

 

 

Шинжилгээний цаг хүрэлцээгүй, ойрын хавьтал болоод түгшиж буй иргэдээ мэргэжлийн байгууллагууд нь буцааж байна. Харин төлбөртэй PCR шинжилгээг нэг удаадаа  98000 төгрөгөөр өгөх боломжтой. Хэт үнэтэй. Тиймээс иргэд эмийн сангуудаар худалдаалагдаж буй түргэвчилсэн тестийг худалдан авч ашиглахаас өөр аргагүй. Гэтэл өнөөх түргэвчилсэн тестийнх нь  үнэ өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна. Өнөөдрийн байдлаар түргэвчилсэн тест дунджаар 20-30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Маргааш хэд болохыг хэн ч таашгүй. Хоногийн хоолоо мөчидхөн залгуулж иргэд түргэвчилсэн тестэнд мөнгө зарах уу, талхаа авахаа бодох уу. Хариулаад байх ч шаардлагагүй асуулт биз.

 

Дээр нь өнөөх үнэтэй түргэвчилсэн тестийнх нь хариу эргэлзээтэй. Сөрөг гэж гарсан ч эерэг байх вий гэсэн эргэлзээ сэтгэлийн зовлон болно. Өвөл хийсэн арван тэрбум төгрөгийн зарлагатай “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г одоо л хиймээр, болдогсон бол.

 

                                              Гэрийн эмчилгээнд багадаа сая төгрөг шаардлагатай

 

Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэд гэрээр эмчлүүлж буй. Ингэхдээ гэрээр эмчлэх эмээ өөрсдөө худалдаж авах ёстой.  ЭМЯ-наас гэрээр эмчлүүлж буй иргэдэд “Эмийн багц” тараана гэсэн ч өнөөх нь хаанаа ч хүрэлцдэггүй. Эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлт, үнэ өсдөг зах зээлийн хуулиар коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд ашиглаж буй эмнүүдийн үнэ тэнгэрт хаджээ. Тухайлбал, халдвараар өвчилсөн иргэд Арбидол, Аспирин 81, Витамин С, Витамин D, Норов- 7, Мана -4, АЦЦ зэргийг эмчийн зааврын дагуу ууж хэрэглэж буй юм. Тэгвэл энэ эм бэлдмэлүүд эмийн сангуудад ийм үнэтэй байна.

 

 “Монос” эмийн санд худалдаалагдаж буй үнэ:

  • Арбидол- 20 ширхэгтэй нь 38800 төгрөг

  • Аспирин 81-100 ширхэг нь 7120 төгрөг

  • Витамин С- 38500 төгрөг

  • Витамин D- 30000 төгрөг

  • Норов 7-9 ширхэг  3150 төгрөг

  • Мана 4-3150 төгрөг

  • АЦЦ 200- 17500 төгрөг

Ази Фарм эмийн санд худалдаалагдаж буй үнэ:

  • Арбидол, 10 ширхэгтэй нь 25400 төгрөг

  • Аспирин-81 -100 ширхэг нь 7200 төгрөг

  • Витамин С - 50 39000 төгрөг

  • Витамин D -260 ширхэг 18200 төгрөг

  • Норов- 7 -15 ширхэг  4800 төгрөг

  • Мана -4 - 15 ширхэг 4800 төгрөг

  • АЦЦ 20 ширхэг - 16000 төгрөг

 

 

Гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний зардал дунджаар 500 000-1 000 000 төгрөг болж байна. Гэхдээ энэ зөвхөн эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж буй төлбөр. Халдварыг бүрэн эмчлэхийн тулд дан ганц эм идээд хэвтэхгүй. Дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй, махнаас эхлээд өнөөх нь тэнгэрт хадсан үнэтэй. Ингээд тооцохоор эмчилгээний зардал 1.5 сая төгрөгөөс буухгүй бололтой.

 

Тэгвэл хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар энэ чиглэлээр юу хийж байгааг бид тодрууллаа. ШӨХТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн “Хэрэглэгчийн гомдлын дагуу ШӨХТГ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран эм үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниудад хяналт шалгалт хийхээр болсон. Удирдамж чиглэл гарсан бөгөөд ажлын хэсэг байгуулагдаж, энэ долоо хоногоос эхлэн шалгалтын ажил эхэлнэ” гэсэн хариултыг өглөө. Эм, бэлдмэлийн үнэ аль хэдийнэ тэнгэрт хадсаны дараа шалгах гэж байгаа нь энэ аж.

 

Иргэд коронавирусийн халдварын хүнд цагийг даван туулахын тулд хувь хувьдаа хичээж байгаа.  Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр буруу бодлого шийдвэр, үнийн хөөрөгдөл, зарим нэг өчүүхэн бодолтой хүмүүс халдвараас илүү туйлдуулж байна. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЯГ ҮНЭН. ХАЛДВАР АВАХГҮЙ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭХ Л ХЭРЭГТЭЙ. ҮХЭХ НЬ ҮХЭЭД СЭХЭХ НЬ СЭХЭЭД БАЙЖ ДЭЭ.
2021-06-16