УИХ-ын гишүүн Б.Бейсен сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчтэй уулзав
2021-06-16 11:01

УИХ-ын гишүүн Б.Бейсен Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчтэй өнөөдөр /2021.06.16/ уулзав.

 

Уулзалтад, сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгч Маура Калво оролцлоо. Тэрээр, үндэстний цөөнх болох Казах иргэдийн сонгуулийн оролцоог нарийвчлан судлах зорилгоор казах иргэдийг төрд төлөөлж байгаагийн хувьд УИХ-ын гишүүн Б.Бейсентэй уулзах хүсэлт гаргаснаа тайлбарлав. Мөн цар тахлын улмаас өргөн бүрэлдэхүүнээр бус ердөө есөн хүн ирж өнгөрсөн сонгуулийг бүхэлд нь ажигласан. Гурав дахь долоо хоногтоо Монгол Улсад ажиллаж буйгаа хэллээ.

 

Уулзалтын үеэр, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө үндэсний цөөнхөд чиглэсэн тусгайлсан заалт тусгадаг эсэх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хэрхэн орчуулж хүргэдэг талаар ярилцав. УИХ-ын гишүүн Б.Бейсен, нийт казах иргэдийн 77.6 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг. Аймгийн сонгогчдын 58.6 хувь нь сонгуульд санал өгсөн. Цар тахлын нөхцөл байдал, малчин өрхүүд зусландаа гарсан зэрэг нь сонгуулийн ирцэд нөлөөлдөг тухай хэлэв.

 

ЕАБХАБ нь Европ, Америк, Ази тивийн 57 гишүүн оронтой, олон улсын засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм. Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-д нэгдэж ажиглагчийн статустай яваад 2012 оноос албан ёсны гишүүн орон болсон билээ.

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг

Shuud.mn
Сонин хачин