Путин, Байден нарын 10 жилийн дараах уулзалт өнөөдөр болно
2021-06-16

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт Женевт болно. Хоёр орны төрийн тэргүүний уулзалт энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан үйл явдлуудын нэгд тооцогдож байна. 

 

Владимир Путин, Жо Байден нар хамгийн сүүлд 2011 онд уулзаж байлаа. Тухайн үед Байден Дэд ерөнхийлөгч, харин Путин Ерөнхий сайд байсан юм. Байден, Путин нарын уулзалт Женевийн Ла Гранж виллад болох бөгөөд 1985 онд чухамхүү энэ газарт ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар уулзаж байв.

 

Цагаан ордны мэдээлснээр, хоёр ерөнхийлөгчийн уулзалт орон нутгийн цагаар 13:35 цагт (shuud.mn: Улаанбаатарын цагаар 19:35 цаг) эхлэнэ. Уулзалтаас 10 минутын өмнө Байден болон Путин нар Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелентэй зураг авахуулах аж.

 

Төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн уулзалт хоёр цагийн дараа болох бол үүнээс хоёр цагийн дараа хоёр ерөнхийлөгчийн уулзалтын хоёр дахь хэсэг болох юм байна. Путинтэй уулзсаны дараа Байден хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Тэд хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

 

Дээд хэмжээний уулзалт болохоос өмнөхөн Цагаан ордон Байден Оросын төрийн тэргүүнтэй хэлэлцэх асуудлуудыг боловсруулсан байна. Хэлэлцэх асуудлууд маш олон байсан ч зэвсэглэлийн хяналт, Украин дахь Оросын цэргийн хөндлөнгийн оролцоо, Оросын хакеруудын үйл ажиллагаа, Алексей Навальныйн хэрэг, уур амьсгалын өөрчлөлтүүд гэсэн асуудлуудыг хөндөхөөр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин