Мексик: Эль Чапогийн байшинг сугалааны хонжворт багтаажээ

Мексикийн эрх баригчид есдүгээр сард тусгай сугалаа явуулахаар болжээ. Энэ сугалаанд оролцсон хүмүүс мөнгө төдийгүй байшин, орон сууцан дахь байр, газар зэрэг 22 тусгай шагнал хожно гэж Үндэсний сугалааны захирал Маргарита Гонсалес Сарабиа мэдэгдсэнийг РГ дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сугалааны хонжворт өдгөө АНУ-д бүх насаараа хоригдох ял эдлэж байгаа Эль Чапо хочоороо алдартай хар тамхины наймаачин Хоакин Гусманы байшин багтжээ. 2014 онд энэ байшин руу Гусманыг баривчлахаар тусгайгийнхан дайрахад Гусман газар доорх гарцаараа зугтаж чадсан гэдэг.
Түүнчлэн энэ сугалаанд нийслэлийн Ацтек цэнгэлдэх хүрээлэнгийн нэг хэсгийг ашиглах эрх багтжээ. Энэ нь 1980-аад оноос хойш Мексикийн Үнэсний сугалаанд харьяалагдаж буй А37 хэсэг бөгөөд энд 20 өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, машины зогсоол багтдаг гэнэ. Хонжворыг авсан азтан 2065 он хүртэл энэ хэсгийг ашиглаж болохын дээр 10 жил үнэ төлбөргүй үйлчилгээ авах аж.
Мексикийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр энэ сугалаа нь хүмүүс болон хотод хураагдсан өмчийг эргүүлэн авчрах боломж олгох гэнэ. Тасалбар худалдаанаас олсон 25 сая орчим долларыг зам барих, боловсрол, эрүүл мэнд, ядуу буурай хүмүүст дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ