ОХУ-д албан журмаар вакцинд хамруулна
2021-06-17

Оросын Кузбассын эрх баригчид бизнес, орон нутгийн эрх барих байгууллагуудын албан тушаалтан болон ажилтнуудыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамруулахаар болжээ. Forbes сэтгүүлийн мэдээлснээр, ажилтнуудын 60-аас доошгүй хувь нь наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой гэнэ. Ингэснээр Кузбасс ажилтнуудыг албан журмаар дархлаажуулахаар болсон Оросын гурав дахь бүс нутаг болсон бөгөөд өмнө нь Москва болон Москва орчмын бүс нутаг ийм шийдвэр гаргасан юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кемерово мужийн бизнес болон төрийн байгууллагууд хоёр сарын хугацаанд нийт ажилтнуудынхаа 60 хувийг вакцинд хамруулах үүрэг хүлээсэн байна. Долдугаар сарын 17-ны өдрийг хүртэл вакцины эхний тун эсвэл нэг тунт вакцин, харин наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл вакцины хоёр дахь тунг тариулсан байх ёстой гэнэ. Гэхдээ вакцин тариулах сөрөг заалттай хүмүүсийг дархлаажуулалтад хамруулахгүй гэдгийг онцолжээ. 

 

Өмнө нь, лхагва гарагт ийм шийдвэр Москва муж гаргасан юм. Үйлчилгээ, худалдаа, нийтийн хоол болон бусад салбарын ажил олгогчид долдугаар сарын 15-наас өмнө ажилтнуудынхаа 60-аас доошгүй хувийг эхний тунд, наймдугаар сарын 15-ны дотор хоёр дахь тунд хамруулах үүрэг хүлээсэн.

 

Ажилтнуудаа вакцинд хамруулах журмыг зөрчсөн хувиараа бизнес эрхлэгчид 30 000-50 000 рубль (shuud.mn: монгол мөнгөөр 1 саяас 1.8 сая төгрөг), хуулийн этгээдүүд 100000-300000 (shuud.mn: 3.6 саяас 10.8 сая төгрөг)рублийн торгууль төлөх ёстой аж.

 

Ажилтнуудын эрүүл мэндэд хохирол учруулсан эсвэл зөрчлийг давтан гарагсан бол албан тушаатныг 300000-500000 рублиэр, хуулийн этгээд болон хувиараа бизнес эрхлэгчдийг 500 000-1 000 000 рублиэр торгох, эсвэл 90 хүртэлх хоногоор үйл ажиллагааг нь зогсоох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин