Хятадад хүүхдүүдэд нэмэлт сургалт орохыг хоригложээ
2021-06-17

Хятадын эрх баригчид нэмэлт сургалтын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгахаар болжээ. Энэ салбарын үйл ажиллагааны шинэчилсэн журмын талаар ойрын үед мэдээлнэ гэж Жэнминь жибао мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин, Шанхай болон бусад томоохон хотуудад дунд сургуулиудын өвлийн болон зуны амралтын үеэр нэмэлт сургалт, давтлага орохыг хориглох аж. Түүнчлэн хичээлийн жилийн явцад амралтын өдрүүдэд сурагчдад нэмэлт давтлага сургалт орохыг хориглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 

Эдгээр арга хэмжээнүүд нь хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын орлогыг 70-80 хувиар бууруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Харин эрх баригчид энэ шийдвэр нь сурагчдад ирэх дарамтыг бууруулж, нэмэлт сургалтад зарцуулах гэр бүлийн зардлыг багасгахад тусална гэж үзэж байгаа аж. 

 

Энд дуулгахад, Хятадад өмнө нь сурагчдын ачааллыг багасгах үүднээс дунд сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргаж байв.  БНХАУ-ын Боловсролын яамнаас гаргасан тушаалд нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрт нь бичгээр хийх дасгал ажлын даалгавар өгөхгүй, харин гуравдугаар ангиас дээш насны сурагчид гэрийн даалгавраа хийхэд нэгээс илүүгүй цаг зарцуулах ёстой гэж заажээ. Түүнчлэн дунд ангийн сурагчдын гэртээ хичээллэх хамгийн дээд хугацаа нь 1.5 цагаас дээш байж болохгүй гэж Боловсролын яамны тушаалд заасан юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин