ВИДЕО: Номын хэрэглээг шашинаас ангид байлгах нь зөв
2021-06-17

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг,  “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг тус тус дэмжив.

 

 

Дараагаар нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төлсийг УИХ-ын гишүүн  Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын 3 гишүүн санаачилсан байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа. Уг хуулиар Үндэсний номын баярын өдөртэй болох заалтыг тусгажээ. Ном уншихыг дэмжих уг хуулийн төслийг есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэх өнгөрүүлэх юм байна.  Энэ нь бямба, ням гараг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгохгүй гэж хууль санаачлагач үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-Би хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Ном соёлоо дэлгэрүүлэх асуудлаар төрийн бус байгууллага жил бүр тэмдэглэж ирсэн. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх номын баяр гэдэг нэр томъёог өөрчлөх боломж байгаа юу. Олон нийтийн дунд номын худалдаа гэсэн агуулгаар хандаад байна лээ.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

 

-Энэ нь номын баяр биш үндэсний ном, соёлын бичиг өдөр байгаа. Усны өдөр, багш нарын өдөр гэдэг шиг тэмдэглэлт өдөр болгоно. Энэ хуулийн төслийг олон байгууллагаар хэлэлцүүлж, санал авсан.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Энэ хууль гарснаар даган гарах журам байгаа юу. Хууль гарснаар ямар өөрчлөлт гарч, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, залуучууд, хүүхдүүдэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна вэ. Хуулийн төсөл гарахаас өмнө цахим хуудсаар амралтын өдөр болох уу, үгүй юу гэдэг асуудал дэгдсэн. 

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

 

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн номын худалдаа хийх биш уншигч, номын зохиогчийн уулзалт зохион байгуулах өргөн боломжтой байгаа. Ганцхан Монгол Улсын номын баярыг тэмдэглэх өдөргүй. Тиймээс үүнийг хуульчилж, хүүхэд залуусаа номыг шимтэн уншихад чиглүүлсэн. 

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

 

-Номын хэрэглээг шашинаас ангид байлгах нь зөв. Тийм учраас Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгох нь хэрэгтэй. Энэ өдрөөр төрийн соёлын байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-ЮНЕСКО-гоос номын өдрийг тэмдэглэлт өдөр болгосон байдаг. Тиймээс тэмдэглэлт өдрийн асуудал яригдаж байна. Манай Хөдөлмөрийн хуулийн алдаанаас болоод бизнес эрхлэгчид амралтын өдөр нэмэгдэх нь гэж эсэргүүцэж байна. Амралтын өдөр нэмэгдэхгүй.

 

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Нягт 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин