Коста-Рика Хятад вакцинаас татгалзаж, Оросын вакцины анхны үр дүн бүтэлгүйтэв
2021-06-18

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 17-ны байдлаар дэлхий даяар 178 сая гаруй хүн халдвар авсанаас 3.8 сая гаруй хүн нас барж, 162 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Австри хязгаарлалтуудаа сулруулав 

 

Австрийн эрх баригчид коронавирусийн халдварыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахаар болжээ. Энэ талаар тус улсын холбооны канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна. 

 

Хязгаарлалтуудыг долдугаар сараас эхлэн цуцласнаар, нийтийн хоолны газрууд, дискотек, бар шөнийн цагаар ажиллаж, хөл хорих цагийг цуцлах аж. Зоогийн газар болон цэнгээний газруудаар үйлчлүүлэхдээ коронавирусийн шинжилгээний сөрөг хариу, вакцин тариулсан баталгаа эсвэл халдвар аваад эдгэрснийг батлах тодорхойлолт үзүүлэх шаардлагатай гэнэ. 

 

Ингэснээр Австрид жил гаруй хугацааны дараа шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа сэргэж байна. Энэ улсад 2020 оны гуравдугаар сарын дунд үеэс шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газруудыг хаасан юм.

 

Токиод онц байдлыг цуцална 

 

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Японд үйлчилж байсан онц байдлын дэглэмийг Токио болон бусад хүн ам ихтэй бүс нутгуудад энэ сарын 20-ны өдрөөс эхлэн цуцлахаар болжээ. Японы Ерөнхий сайд Есихидэ Сугагийн мэдэгдсэнээр онц байдлын оронд Токио болон бусад газруудад хязгаарлалтын арга хэмжээнүүд үйлчлэх аж. 

 

Ингэснээр согтууруулах ундаа худалдаалахад хязгаарлалт тавихын дээр уушийн болон зоогийн газруудын ажиллах цаг хязгаарлагдмал байх гэнэ.  Тодруулбал, зоогийн газар болон уушийн газрууд 20.00 цаг хүртэл ажиллаж, 19.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх боломжтой болох аж. Харин Окинава мужид онц байдлын дэглэм хэвээр үргэлжлэх юм байна.

 

Оросын  вакцин тариулсан хүмүүст есөн сарын дараа эсрэг биет илэрсэнгүй

 

Оросын "ЭпиВакКорона" вакцин тариулсан сайн дурын хүмүүсийн 50 гаруй хувьд есөн сарын дараа, 100 хувьд нь гурав болон зургаан сарын дараа эсрэг биет илэрсэн гэж Вектор төвийн захирал Ринат Максютов мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, эмнэлзүйн туршилтын нэг болон хоёрдугаар шатны хүрээнд сайн дурынхныг гурав, зургаа, есөн сарын хугацаатайгаар ажиглажээ. Ингэхэд гурав болон зургаан сарын дараа сайн дурынхны бүгдэд коронавирусээс хамгаалах эсрэг биет илэрсэн байна. Харин есөн сарын дараа эсрэг биет туршилтад оролцсон хүмүүсийн 50 гаруй хувьд илэрчээ.

 

Эмнэлзүйн туршилтаас өмнөх шатанд сармагчинд тарихад вакцин жил гаруй хугацаанд үр дүнтэй гэсэн дүн гарч байжээ.

 

Австрали АстраЗенекаг хориглов 

Австралид 60-аас дээш насныханд коронавирусээс сэргийлэх АстраЗенека вакциныг тарихыг хоригложээ. Энэ нь вакцинаас үүдэлтэй гаж нөлөө үүсэж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой юм байна.

Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хантын өгүүлснээр Австралийн дархлаажуулалтын техникийн зөвлөх бүлгийн зөвлөснөөр 60-аас дээш насныханд гагцхүү Пфайзер вакцин тарихаар болжээ. 

 

 

Таиланд ирэх намар үүдээ нээнэ

 

Таиланд улс вакцинд хамрагдсан гадаадын жуулчдыг 10 дугаар сарын дунд үеэс эхлэн хүлээн авахаар төлөвлөж байна.

 

Жуулчид хөл хорио болон бусад хязгаарлалтад оролгүйгээр Таиландад жуулчлах боломжтой болно гэж тус улсын Ерөнхий сайд Прают Чан-Оча мэдэгдээд 120 өдрийн дотор Таиландын аялал жуулчлалыг сэргээх нь түүний зорилго хэмээн онцолжээ.

 

Аялал жуулчлалын салбар бол Таиландын эдийн засаг томоохон гол салбар юм. Энэ салбарт тус улсын олон сая оршин суугч ажилладаг. 2019 онд Таиландад 40 сая орчим жуулчин ирсэн ч 2020 онд цар тахалтай холбоотой хорионы улмаас аялал жуулчлалын салбар уналтад оржээ. 

 

Коста-Рика Синовакаас татгалзав 

 

Коста-Рикагийн эрх баригчид Хятадын Синовак вакцинаас татгалзах шийдвэр гаргажээ.

 

Хятадад боловсруулж, энэ сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн Синовак Вакциныг Коста-Рикагийн Эрүүл мэндийн яам хангалттай үр дүнтэй биш гэж үзсэн байна. 

 

Харин энэ вакциныг ашиглаж буй өөр орнууд үр дүн хангалттай байсан талаар мэдээлж байгаа юм. Тухайлбал, Уругвай улс хүн амаа дархлаажуулах аяны хүрээнд авсан мэдээлэл дээр тулгуурлан, Синовак вакцин өвчин хүндрэх болон нас барах эрсдлээс хамгаалах үр дүн нь 90 хувь гэж зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин