Оросын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн загварт шилжиж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын баярын өдрөөр мэндчилгээ хүргэхдээ онцолсон гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
Путин мэндчилгээндээ эмнэлгийн ажилтнуудын хүнд хөдөлмөрийг шударга, зохих ёсоор үнэлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ. Цар тахлын хүнд нөхцөлд төрөөс эмч, сувилагч, түргэн тусламжийн бригадынхныг онцгойлон дэмжиж байсан гэдгийг тэрбээр сануулсан байна. Түүний өгүүлснээр эрүүл мэндийн салбарын 1,2 сая орчим ажилтан санхүүгийн дэмжлэг авчээ.
"Санхүүгийн дэмжлэгт зориулан 350 тэрбум гаруй рубль зарцуулсан. Энэ дэмжлэгийг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг цохон тэмдэглэж байна" хэмээн Владимир Путин мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, ОХУ цаашлаад эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөрийн хөлсийг олгох шинэ системд шилжих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тодруулбал, бүхий л бүс нутагт үндсэн цалинг нэг түвшинд хүргэх, нэмэлт, урамшууллын цалинг шударгаар олгох тогтолцоо нэвтрүүлэх аж.
Г.Бямбасүрэн